Төв аймагт зам тээврийн осол 20 нэгжээр өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВӨнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар зам тээврийн осол Төв аймгийн хэмжээнд 453 бүртгэгдсэн нь урьд оныхоос 20 нэгжээр өссөнийг Төв аймгийн Замын Цагдаагийн тасгаас мэдээллээ.
Өнгөрсөн онд авто замын ослоор нас барсан хүний тоо 55 буюу 2015 оныхоос таван нэгжээр өссөн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний тоо 39 нэгжээр буурсан байна.
Мөн 2017 он гарсаар нийт 1341 тээврийн хэрэгслийн зөрчил илрүүлж 39 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан гэдгийг албаныхан тодотгож байлаа. Үүнээс зам тээврийн осол гурав, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ЗХАБТХ-ийн 27.1 дэх заалтийг зөрчсөн 13 жолоочийг илрүүлсэн бөгөөд тэдгээр жолооч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6-2 жилийн хугацаагаар хасжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь өөрийн болоод бусдын амь насыг эрүүл мэндэд эрсдэлд оруулж байгаа хэрэг тул энэ үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг Төв аймгийн ЦГ-аас онцгойлон хатуу анхааруулж байна. Иймээс жолооч та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь чухал юм.
Т.Есүхэйтөмөр