Налайхад 14 хоногийн хөл хорио тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-10 10:48:13

Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэний мал руу нохой дайрсан тухай мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлжээ. Лабораторийн шинжилгээний хариугаар мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.

Энэ сарын 6-ны өдөр дүүргийн Онцгой комиссын “Хүн, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” шуурхай ажлын хэсэг яаралтай хуралдаж, Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” А/08 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоов. Налайх дүүргийн нэг дүгээр хороонд тавьсан хөл хорио энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ