2014 оноос хойш төрсөн хүмүүс насан туршдаа тамхи татахгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2017-01-11 11:52:31

МОСКВА. /TASS/. 2014 онд ба түүнээс хойш төрсөн хүмүүст тамхи худалдахыг хориглохоор ОХУ-ын ЭМЯ төлөвлөж байна.

Энэ нь тус улсын улс төрчдийн хэрэгжүүлэхээр зорьж буй тамхидалтын эсрэг хатуу бодлогын нэг хэсэг юм.

Энэ үеийнхэн болон залуучуудад тамхи худалдахыг хориглох тухай хууль нь тэднийг насанд хүрсэн хойно ч хүчин төгөлдөр хэвээр байх ажээ.

Ингэснээр Оросын бүх иргэд "тамхи татах нь хууль бус үйлдэл" хэмээн үздэг болох юм.

Тамхидалтай тэмцэгчид дэлхийн бусад оронд дээрхтэй адил хууль хэрэгжүүлэхийг уриалж байсан боловч засгийн газрын зүгээс дэмжлэг авч чадаагүй юм.

Орост олон нийтийн газарт, тухайлбал ажлын газар, байр орон сууц, орц, автобус, галт тэрэг, галт тэрэгний буудал болон нисэх онгоцны буудлаас 15 м-ийн тойрог дотор тамхи татахыг хориглосон билээ.

Орос улс нь тамхи татдаг хүмүүсийн тоогоор дэлхийд хамгийн дээгүүрт бичигдэж байна. Тус улсын хүн амын 40 хувь нь тамхи татдаг гэсэн тоо бий.

Тус улсад зарим дэлгүүрт нэг хайрцаг тамхи 1 доллар хүрэхгүй үнэтэй байдаг ажээ.

Оросын тамхины зах зээл 22 тэрбум гаруй доллароор хэмжигдэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ