Афганистан дахь Америкийн цэргүүдэд Москва эргэлзэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-16 12:10:05

МОСКВА. /Sputnik/.  Афганистанд буй Америк цэргүүд энэ улсын нөхцөл байдалд эерэгээр нөлөөлдөг гэдэгт Мосвка эргэлзэж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Афганистан дахь төлөөлөгч бөгөөд Гадаад хэргийн яамны Азийн хоёрдугаар газрын дарга Замир Кабулов пүрэв гарагт мэдэгдэв.

“Юуг өөрчлөөд байгааг би мэдэхгүй.100 мянган цэрэг хийж чадаагүй байхад тав, зургаан мянган цэргээс юу хүлээх вэ гэж би хэлдэг байсан. Гадаадын цэргийн хүчин байснаар амьдрал нь амар болно эсвэл амьд үлдэхэд нь тус болно гэж итгэдэг Афганы удирдагуудад улс төрийн эсвэл ёс зүйн дэмжлэг болж байна” гэж Кабулов "РИА Новости"-д хэлжээ.

Барууныхан хэрэгцээтэй зэвсэг нийлүүлэх, шаардлагатай үед агаарын хүчин илгээх гэх мэт туслалцаа үзүүлэхээс гадна  афганчууд болон Кабул өөрсдийн хүчинд тулгуурлаж сурах хэрэгтэй гэж дипломатч үзэж байна.

“Мэдээжийн хэрэг, эд материалын туслалцаагүйгээр Афганистаны Засгийн газар юу ч хийж чадахгүй. Афганистаны газар нутагт талибуудыг мөрдөж мөшгиж буй хэдэн мянган америк цэргээс тэр нь хамаагүй үр дүнтэй” гэж тэр нэмж хэлжээ.

Х.Аминаа

Холбоотой мэдээ