С.Бямбацогт: Авлига өгөх санаачилга гаргаж, төрийн албан хаагчийг уруу татсан бол хариуцлага хүлээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-12 18:46:05

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан. Уг хуульд өсвөр насны хүнд ял оногдуулах бодлогыг тусгайлан зохицуулсан, гэмт хэрэгт оногдуулах хорих ялын бодлогыг уян хатан болгосон, хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмж оруулж, баривчлах ялыг халсан, цаазаар авах ялыг халж, хорих ялын дээд хэмжээг багасгасан зэрэг дэвшилттэй зохицуулалт нэлээд туссан. Гэвч хуулийг судлан үзэхэд хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан хэмээн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Эдийн засгийн, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар олигтой заалт оруулаагүй байна хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг шүүмжлээд, “Хулгайн гэмт хэрэг гэх мэт жижиг зүйлүүд дээр ялын хэмжээг нэмсэн заалт байна. Яг албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудалд ямар ахиц гарах вэ” хэмээн тодрууллаа. Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой заалтуудын ялын бодлогыг чангатгасан. Тухайлбал, Авлига авсныг шийтгэдэг, өгснийг нь шийтгэдэггүй байх заалт байгаа гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлээд “Гэхдээ энэ заалтыг нарийвчлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан өөрөө шахаж байгаад хувь хүнээс авлига авсан байж болно. Энэ тохиолдолд албан шахалтаар авлига өгсөн хүнийг нь өршөөнө. Харин өөрөө авлига өгөх санаачилга гаргаж, төрийн албан хаагчийг уруу татсан бол хариуцлага хүлээдэг болно” гэв.

1995 оны хуульд авлига өгснийг нь шийтгэдэггүй байсан ч үр дүнд хүрээгүй тул 2002 оноос өгсөн, авсан, зуучилсан гэх мэт бүх хүнийг шийтгэдэг болсон. Уг заалтыг хэвээр үлдээж, авлигыг таслан зогсоох хэрэгтэй гэдгийг О.Баасанхүү гишүүн онцлов.

Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Авлига өгсөн хүнийг нь шийтгэхгүй байж, түүнийг хамгаалж, мэдээлэл авч байж мөнгө авсан хүмүүсийг нь илрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол авлигын хэрэг буурахгүй” гэв.

Хүн гүтгэх, бусдын нэр хүндэд халдах гэмт хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх эсэхийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тодруулсан. Сонгуулийн үеэр нэр дэвшигчийг гүтгэсэн, доромжилсон тохиолдолд Эрүүгийн хуулиар шийдвэрлэнэ. Бусдаар хүний нэр төрд халдсан хэргийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэх болсон гэсэн хариултыг ажлын хэсгээс өгөв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, “Өмнөх Эрүүгийн хуульд ажилдаа хариуцлага алдсан эмчийн эмчлэх эрхийг нь 1-6 жилээр хасах, 20 сая хүртэлх төгрөгөөр торгох, 8 жил хорих заалт оруулсан байсан. Энэ бол дэлхийн жишигт байхгүй хүнд шийтгэл. Үүнийг өөрчилсөн үү. Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жил бол хэвлэл мэдээлэлд халтай байсан. Эрүүгийн хууль батлагдахад хэвлэлд ээлтэй байх ганц заалт орсон нь хүний нэр төрд халдах, гүтгэх тухай зарим зүйл ангийг Зөрчлийн хууль руу шилжүүлсэн байдаг. Хэвлэлийн эрх чөлөө бол сэтгүүлчийн бус ард түмний эрх чөлөө юм. Өчигдөр УИХ-ын дарга Авлигын эсрэг үндэсний чуулган дээр хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэнэ гэж хэлсэн. Тиймээс сонгуулийн хуулиар хүний нэр төрийг гутаасан бол Эрүүгийн хуулиар шийтгэх заалтаа ч болих хэрэгтэй. Хэрэв энэ заалтыг хэвээр үлдээвэл том ухралт болно” гэлээ.

ХЗДХ-ийн сайд “Эмчид хүлээлгэх хариуцлагыг хөнгөвчилсөн. Сонгуулийн үеэр хүн гүтгэх асуудлыг Эрүүгийн хуулиар шийдэхээр заасан. Гэхдээ бид торгуулийн хэмжээг нь тодорхой хувиар бууруулж байгаа. Энэ заалт зөвхөн сонгуулийн үед л үйлчлэх юм” хэмээн хариуллаа.

Харин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, “Эрүүгийн хуулийн тусгай ангид дандаа хорих анги байхаар заасан байсныг хөнгөвчилсөн гэсэн байна. Эрүүгийн хууль бол гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг. Хуулийн заалтуудыг зөөлрүүлэхээр урьдчилан сэргийлж чадах уу” хэмээн асуусан. Гэмт хэрэг үйлдсэн хүн бүрийг хорих бодлогоос бид татгалзаж байгаа хэмээн ХЗДХ-ын сайд хариулсан.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.6 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Маргааш буюу энэ сарын 13-нд Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тул УИХ-ын чуулган хуралдах боломжгүй гэдгийг УИХ-ын дарга хэлээд “Одоо долоон хууль, тогтоолын төсөл хэлэлцэх дутуу байна. Маргааш чуулган хуралдахгүй тул жагсаалтад орсон асуудлуудаа өнөөдөртөө багтаагаад дуусгана. Тиймээс цаг сунгаж байна” гэлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ