Сууц Өмчлөгчдийн холбоодын ажлыг жигдрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-12 22:40:46

Дархан-Уул аймгийн Захирагчийн Албаны дарга Э.Равжаадэлгэрэхийн хүсэлтээр Монголын Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Галбаатар тус аймагт ажиллаж уулзалт хийлээ.

Уулзалтад аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, Дэд бүтэц, Хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Захирагчийн албаны мэргэжилтнүүд, Дархан хотын орон сууцны хорооллуудын СӨХ-дын гүйцэтгэх захиралууд оролцож харилцан санал солилцов.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас СӨХ-ны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, СӨХ-ны хуульд өөрчлөлт оруулах ажлын явц, МСӨХ-ны дэд зөвлөлийн ажлын явцын талаар МСӨХ-ны гүйцэтгэх захирал М.Галбаатар мэдээлэл хийсэн юм. Тус аймагт нийт 35 Сууц Өмчлөгчдийн холбоо байдгаас ихэнх холбоодын ажил үйлчилгээ хангалтгүй явагдаж байгааг уулзалтын үеэр аймгийн удирдлагууд онцлоод цаашид хамтран ажиллаж хяналт шалгалт хийж хариуцлага тооцуулахаар боллоо.

Уулзалтын үеэр хийсэн мэдээлэлд зарим сууц өмчлөгчдийн холбоод нь жигд ажилладаггүй, оршин суугчдынхаа тав тухыг хангаж орчны цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийдэггүй. Цөөнгүй орц гэрэлгүй, байруудын гаднах зам талбай нь хальтиргаа гулгаа үүссэн, зөвхөн СӨХ-ын мөнгийг хураахын төлөө л ажилладаг зэрэг дутагдал байдгийг баримтаар дурдлаа. Тиймээс ойрын үед бүх СӨХ-дын ажлыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөхөөр болсон юм.

Ажил нь огт жигдэрдэггүй СӨХ-дын ажил үйлчилгээ тус аймгийн  “Шүдний өвчин” болоод олон жил болж байна.

                                                                                                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ