Завханд түлшний үнэ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2017-01-16 16:17:01

Завханы төв Улиастай  сум  таван мянга гаруй айл  өрхтэй. Түлшний мод, нүүрс  хэрэглэхгүй  ААН байгууллага гэж нэг ч үгүй. Тийм ч учраас түлшний хувьд томоохон  асуудал байсаар  байсан. 

Харин энэ асуудлаа бүрэн шийдэж хөнгөлөлттэй үнээр түлш зардаг түлшний захыг гурван жилийн өмнө албан ёсоор  нээсэн. Гэтэл энд нь ямар ч түлш зардаггүй хоосон хашаа л байсаар гурван жил болжээ.

Хувиараа машин дээрээ түлш зарсан иргэд зам дагуу зогссоор дуртай үнээ хэлэн борлуулдаг байна. Энд хяналт ч байхгүй. Зах зээлийн жамаар л иргэд түлшний үнийг хэлснээр нь л худалдаж авдаг байна. Түлшний ченжүүд өвлийн дунд сар, түлш ховордсон үеэр далимдуулан намар зарж байсан үнээс даруй 30 мянган төгрөгөөр түлшний үнээ нэмжээ. Өнгөрсөн намар ЗИЛ-130 машин мод 500-600 мянга төгрөг, нэг портер мод 300 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо нэг портер машин мод 370-400 мянган төгрөгт хүрчээ. Харин нүүрсийг жижиглэнгээр борлуулдаггүй ажээ.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ