Бэлтгэсэн өвснийхөө 70 гаруй хувийг хэрэглэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Түргэн суманд 596 өрхийн 2126 хүн ам оршин сууж байгаагаас 279 өрхийн 1142 хүн хөдөө мал маллаж байна.
2016 оны жилийн эцсийн мал тооллогоор тус сум 125 мянга 654 толгой мал тоолуулжээ. Одоогоор Сагил болон Бөхмөрөн сумын нутагт отроор 74 өрхийн 311 хүн ам нийтдээ 36 мянга 680 толгой малтайгаар өвөлжиж байна. Тэдний дотор 0-5 хүртэл насны хүүхэд 30, өндөр настан зургаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг, жирэмсэн эх долоо байгаа аж.
Тус сумын зудын эрсдэл өндөр бүсэд 115 өрхийн 486 хүн ам, 45445 толгой мал өвөлжиж байна. 2016 онд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 85 хувьтай хангажээ. Малчид, мал бүхий иргэд 1269,3 тн өвс, 315 тн хужир шүү бэлтгэн авч нөөцөлсөн бол сум өөрийн нөөц боломжиндоо тулгуурлан сумын аюулгүйн нөөцөндөө 25 тн өвс, 7 тн тэжээлийн нөөц бүрдүүлсэн байна.
Өнгөрсөн сарын 25-ны байдлаар малчид бэлтгэсэн өвснийхөө 70 гаруй хувийг хэрэглэсэн мэдээ өгчээ.
Баянхайрхан багийн Атарын чиглэлд хөрсөндөө мөсөн бүрхүүл тогтсоноос мал бэлчээрлэх боломжгүй болсон байна. Түргэний голын өмнө хөвөөнд цасны зузаан 20-50 см хүрсэн нь зудын эрсдэл үүсэх гол шалтгаан болж байгаа аж.
Б.Батхүү