Нийслэлд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-01-17 17:18:02

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдахыг хориглолоо.

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд архинаас хордож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэний улмаас нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр нарын гишүүдтэй ажлын хэсэг  байгуулагдан ажиллаж байна.

Тус ажлын хэсгээс иргэдийг эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү хязгаарлалтыг явуулахаар болсон байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын хэлснээр “Хохирогч дөрвөн хүн шингэн зүйлээс хордсон гэсэн дүгнэлт гарсан. Яг ямар шингэн зүйлээс хордсон нь эд эсийн шинжилгээгээр гарна. Хугацаа шаардлагатай байна. Хэргийн газраас шингэн зүйлүүдийг олж хураасан” гэв.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ