Гэр хорооллын 40 айлд цогтой үнс хийх зориулалтын сав өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-17 22:35:40

Дархан-Уул аймгийн Дархан сумын тав, зургадугаар багт НҮБ-ын “МОН 13/301” төсөл 2013 оноос эхлэн амжилттай хэрэгжээд үндсэндээ дуусч байна.

Энэ хүрээнд "Орон нутгийн төвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь" төсөл хэрэгжсэн гурван жилийн хугацаанд төслийн баг, аймгийн Онцгой Байдлын газар, Дархан сумын ЗДТГ хамтарч иргэдэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулсан. Аймгийн ОБГ-аас эрхлэн дээрх хоёр багийн зорилтот бүлгийн 40 айлд цогтой үнс хийх тус бүр нь 100 литрийн багтаамж бүхий төмөр сав тус бүр хоёрыг өглөө.

Иргэдэд өгсөн цогтой үнс нурам хийх эдгээр савыг Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид Орхон аймгаас тээвэрлэн авчирчээ. Торх хэлбэрийн энэ саванд таг, бариул хийх зэргээр янзалж, "Цогтой үнс" гэсэн бичгийг таних тэмдэг болгон тавьж өгчээ.

Энэ нь гэр хороололд ил задгай гал, асгасан үнс нурамнаас үүсвэрлэж гардаг ахуйн гал түймрийн зөрчлийг багасгаж эрсдлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм гэж аймгийн ОБГ-ын дарга Г.Батбаяр ярилаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ