Эмнэлгийн шинжилгээний зөрүүтэй хариуд хөндлөнгийн хяналт тавина

Монголын мэдээ
ariunzaya@montsame.mn
2017-01-18 14:42:50

Эмнэлгийн шинжилгээний зөрүүтэй хариуг нэг мөр болгохоор Монголын лабораториуд нэгдэж сүлжээ байгуулснаа зарлалаа.

“Иргэд шинжилгээний хариу эргэлзээтэй, хоорондоо зөрүүтэй байдгаас шалтгаалан эдийн засаг, сэтгэл санааны хохирол амсах нь олон бий. Тиймээс Оном сангийн санаачлагаар Монголын лабораторийн чанарыг дээшлүүлж олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор манай нэгдэл байгуулагдсан” хэмээн Монголын лабораториудын сүлжээний нэгдэл /МЛСН/-ийн удирдах зөвлөлийн дарга Н.Наранбат онцлов.

Тэрээр ярихдаа, “Монгол Улсад одоогоор 400 гаруй лаборатори үйл ажиллагаа явуулдаг. Улсын болон хувийн эзэмшлийн 26 лаборатори манай сүлжээнд нэгдээд байна. Бид үйл ажиллагааныхаа чанарыг дээшлүүлэхийн тулд лабораторийн шинжилгээнд хөндлөнгийн хяналтын систем нэврүүлэхээр зорьж, “Лабораторийн чанарын зөвлөл” байгууллаа. Хамгийн түрүүнд бид элэгний C, B, D вирус тоолох, био хими цусны шинжилгээнд иргэдийн гомдол саналын дагуу хяналт тавина. Өнөөдрөөс эхлэн  шинжилгээний зөрүүтэй хариуны талаарх иргэдийн гомдол хүсэлтийг gomdol@monlabnet.org хаяг, 70122006, 88003247 дугааруудад хүлээн авна” гэлээ.

Тус сүлжээг 21 хувийн хэвшлийн лабораториудад  үндэслэн байгуулсан бөгөөд 1, 2, 3 дугаар Эмнэлэг, ХӨСҮТ, Хавдар судлалын үндэсний төв гээд улсын таван эмнэлгийн лаборатори зөвлөхөөр ажиллана.

М.Аминаа

Холбоотой мэдээ