Хогны хураамжийн төлбөр хяналтгүй зарцуулагдаж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын айл өрхүүд өнгөрсөн онд хогны хураамжийн төлбөр гэж сард гэр хорооллынхон нэг мянга, орон сууцныхан хоёр мянган төгрөгийг цахилгааны мөнгөтэй хамт төлсөн юм.
Энэхүү мөнгө Улаангом сумын ЗДТГ-ын мэдэлд шилжин орж зарцуулагддаг байсан бөгөөд ард иргэдийн зүгээс хэл ам, хардлага сэрдлэгэ байнга дагуулж ирсэн. Энэ талаар тодруулахад өнгөрсөн онд Улаангомын айл өрхүүдээс хогны төлбөрт 66 сая 300 мянган төгрөг хуримтлагдсанаас хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Элемент” компанид 42 сая 729 мянган төгрөг, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газарт 11 сая төгрөг, хур хог зайлуулсан хөлсөнд 10 сая 680 мянган төгрөгийг тус тус зарцуулжээ. Харин 7 сая 239 мянган төгрөгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд буюу орон нутгийн Увс ТВ-д 350 мянга, МВС ТВ-д 150 мянга, Сама ТВ-д 150 мянган төгрөгийг сар бүр шилжүүлэх гэрээ байгуулж, иргэдэд хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх талаар сурталчилгаа явуулсан байна.
Аймгийн ИТХ дахь Байгаль орчны хорооны гишүүдийн зүгээс Улаангом сумын ЗДТГ-ын удирдлага болон хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Элемент” компанитай хамтарсан хэлэлцүүлгийг саяхан зохион байгуулсан бөгөөд энэ үеэр хогны хураамжийн мөнгийг Улаангом суманд бус “Элемент” компанид шууд төвлөрүүлэх, мөн гэр хорооллын айл өрхүүдээс сард мянга бус хоёр мянган төгрөгийн хураамж авахаар шийдвэрлэсэн юм. Энэ дагуу хогны хураамжийн мөнгө энэ сараас эхлэн “Элемент” компанийн дансанд хуримтлагдах болсон бөгөөд тус компанийг ажил үйлчилгээгээ илүү өргөжүүлж, үр дүнтэй ажиллахыг аймгийн ИТХ дахь Байгаль орчны хорооны гишүүд санууллаа.
“Элемент” компани нь хот доторх гэр хорооллын айл өрхүүдийн гудамжны хог хаягдлыг ачиж зайлуулахаас гадна хогийг дарж устгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн энэ жилээс эхлэн хог боловсруулах чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.Батхүү