Аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хүнсний ногоо хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-01-20 13:09:03

Увс аймгийн Улаангом сумын Хоёрдугаар багийн өндөр настан А.Мягмар гуай аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд 300 кг ногоо хандивласан байна.

Идэр есийн хүйтэн тачигнасан энэ үед өвчтнүүдэд амт шимттэй, тэжээллэг хоол хүнс бэлтгэж өгч, хурдан эдгээгээсэй гэсэндээ ийнхүү төрөл бүрийн хүнсний ногоо хандивласан байна. Тэрбээр төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж амьдрал ахуйгаа авч явдаг бөгөөд өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээр хэнээс ч дутахааргүй сайхан амьдардаг жирийн иргэдийн нэг байна.

Хүнсний ногооны үнэ ханш өссөн, бас Нэгдсэн эмнэлгийн төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ үед өвчтнүүддээ амт чанартай, тэжээллэг хоол хүнс бэлтгэж өгөөрэй хэмээн иргэн А.Мягмар 300 кг ногоо хандивласан явдалд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон хийгээд тэнд хэвтэн эмчлүүлэгсэд баяртай байгаагаа илэрхийлж байв.

Б.Батхүү

Холбоотой мэдээ