Аргаль, янгирт хужир байршуулж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-20 16:25:30

Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид зэрлэг амьтдад хужир тавьж өгчээ. Өөрсдөө гар аргаар хужир бэлдэн нөөцөлсөнөөрөө ийн биотехникийн арга хэмжээ авсан тухай тус газрын судалгаа шинжилгээний ажилтан Ш. Намсрайжав хэлсэн юм.

Нийтдээ 1.5 тонн хужир, мөн 0.3 тн ашигт долооцыг 6 цэгт байршуулсан байна. Энэ өвлийн хувьд цас багатай, цаг агаар тогтуун байгаа тул зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгөх шаардлага одоогоор гараагүй. Өөрсдийн бэлдсэн хужир дээр өнгөрсөн жил аймгийн Засаг даргын нөөцөөс өгсөн ашигт долооцын үлдэгдлийг ийнхүү байршуулсан гэлээ.

Их газрын чулууны ууланд хоёр зуу гаруй аргаль, янгир идээшдэг байна. Ерлөг, Их газрын чулууны уулаар янгир, Баруун, Зүүн, Дунд сайхан уулаар аргаль голдуухан өвөлждөг бөгөөд энэ жил зэрлэг амьтадын байрлал, малын бэлчээрийн давхцалын судалгааг цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хийнэ. Мөн амьтадын зурвас замналын судалгааг төлөвлөжээ.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ