Д.Трампын багийг танилцуулах нь

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-01-23 13:42:50

Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөр албан үүргээ гүйцэтгэж эхэллээ. Түүнтэй хамтран АНУ болон дэлхий дахины хувьд амин чухал асуудлуудыг хүмүүс хэн бэ? Трампын багт ямар хүмүүс багтсан бэ?

Энэ талаар ВВС агентлаг хүн тус бүрийн талаар цөөн өгүүлбэрт багтахаар товч танилцуулга бэлтгэснийг орчуулан хүргэе.

Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс

Индиана муж улсын захирагч асан 57 настай М.Пэнс АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд 6 удаа сонгогдож байжээ. Өмнө нь тэрбээр радиод тоймч-тайлбарлагч хийж байв.

Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон

Хэдийгээр 64 настай нефтийн магнат энэ хүнд дипломат ажлын туршлага байхгүй боловч түүнийг “маш шаргуу дайчин, геополитикийн асуудлыг гүнзгий ойлгож мэдэрдэг” гэж тодорхойлдог.

Сангийн сайд Стивен Мнучин

Энэ хүн Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкинд 17 жилийн турш ажиллахдаа хуримтлуулсан мөнгөөрөө кино хийж байжээ. 

Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис

Генерал Мэттисийг “галзуу нохой” гэдэг хоч нэрээр нь Америкийн тэнгисийн явган цэргийнхэн андахгүй. Армид алба хааж байхад нь түүнийг “цэргийн лам” гэдэг байсан бөгөөд тэрбээр хэзээ ч гэрлэж байгаагүй аж.

Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли

2012 оноос генерал Келли Америкийн зэвсэгт хүчний Өмнөд командлалыг захирч байгаад 2016 оны 1 дүгээр сард чөлөөнд гарчээ. Тэрбээр армид 45 жилийн турш алба хаасан байна.

Тээврийн сайд Элен Чао

Түүний энэ албан тушаал чухал чиг үүрэгтэй юм. Учир нь, Ерөнхийлөгч Трамп зам, гүүр болон тээврийн бусад дэд бүтцийг шинэчлэхэд хөрөнгө мөнгийг харамгүй зарцуулна гэж сонгогчиддоо амласан билээ.

Өдгөө 63 настай Чао Тайваньд төрсөн бөгөөд АНУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан ази гаралтай анхны эмэгтэй юм. Тэрбээр Бушийн засаг захиргааны үед Хөдөлмөрийн газрын даргаар /2001-2009 он/ ажиллаж байжээ.

Ерөнхий прокурор Жефф Сэшнс

Сэшнс бол сонгуулийн кампанит ажлын үеэр Трамптай үргэлж хамт байсан ойрын хамтран зүтгэгч нь юм. Өдгөө 69 настай тэрбээр Алабама муж улсын захирагчийн албан тушаалыг хашиж байсан бөгөөд 2003 онд Америкийн цэргүүд Иракт халдан орсон явдлыг дэмжиж байжээ. Харин саяхан Трамп энэ цэргийн ажиллагааг “аймшигтай бөгөөд мулгуу үйлдэл” гэж дүгнэсэн билээ.

Сэшнс нь зэвсэгт хүчин, төсвийн асуудал эрхэлсэн Сенатын комиссын гишүүн юм.

ТТГ-ын захирал Майк Помпео

Конгрессын гишүүн 52 настай М.Помпео нам доторх сунгааны үеэр Трампын өрсөлдөгч болох Марко Рубиог дэмжиж байсан хэдий ч ТТГ-ын захирлаар ажиллахыг Трамп түүнд санал болгожээ.  

Энэ хүн Ирантай цөмийн хэлэлцээр байгуулсныг эрс шүүмжилдэгээс гадна Гуантанамо дахь шоронг хаахыг эсэргүүцдэг. 

Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Майкл Флинн

Чөлөөнд гарсан дэслэгч генерал М.Флинн бол сонгуулийн кампанит ажлын үеэр үндэсний аюулгүй байдлын асуудлаар М.Трампт зөвлөгөө өгч байсан гол хүн юм. Армид огт алба хааж байгаагүй Трамп өдгөө 57 настай Флиннээр дамжуулан ахмад дайчдад хүрч ажиллаж чадсан байна.

Флинн 2012-2014 онд Батлан хамгаалах яамны Тагнуулын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд лалын хэт даврагчдын талаарх түүний байр суурь нь ажлаасаа халагдах шалтгаан болж байжээ. Тэрбээр “Тулалдааны талбарт: Лалын хэт даврагчид болон тэдний холбоотнуудын эсрэг дайнд хэрхэн ялах боломжтой вэ?” ("The Field of Fight: How We Can Win the Global War Against Radical Islam and Its Allies") гэдэг нэртэй ном бичсэн аж.

Түүнээс гадна, “Лалын улс”-ын эсрэг хамтран тэмцэхийн тулд Сирийн асуудлаар ОХУ-тай илүү нягт хамтран ажиллах хэрэгтэй гэсэн байр суурийг  генерал Флинн илэрхийлдэг. Тэрбээр Оросын RT телевизийн сувгаар байнга үзэгдэх болсон гэж шүүмжлүүлж байв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Райнс Прибус

Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны дарга, 44 настай Прибус сонгуулийн үеэр нэр дэвшигч Трампыг намынхаа удирдлагуудтай холбож өгч байсан хүн юм. Тэрбээр ямар нэгэн томоохон албан тушаал хашиж байгаагүй учраас улстөрийн ажлын туршлага багатай.  

НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч, элчин сайд Никки Хейли

Энэтхэг цагаачийн охин Хейли бол Өмнөд Каролина муж улсын захирагчаар томилогдсон анхны эмэгтэй хүн, мөн үндэсний цөөнхийн анхны төлөөлөгч юм. 44 насандаа тэрбээр муж улсын хамгийн залуу захирагч болж байв. Түүнийг “БНН-ын дотор гялалзаж буй од” гэж үнэлдэг.

Тус нам дотор болсон сунгааны явцад тэрбээр анхандаа Марко Рубио, Тед Круз нарыг дэмжиж байсан бол сүүлдээ Трампыг дэмжигч болж хувирчээ. 

Эрчим хүчний сайд Рик Перри

Техас муж улсын захирагчаар ажиллаж байсан 66 настай Р.Перри 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа “Эрчим хүчний яамыг татан буулгах нь зүйтэй” гэж байсан бол одоо уг яамыг удирдахаар болж байна.

Ерөнхийлөгчид өрсөлдөхийн өмнөх сунгааны үеэр тэрбээр Трампыг “консерватизмын хорт хавдар” гэж тодорхойлж байжээ.

Техасын захирагч байхдаа Перри газрын тосны салбарын зохицуулалтыг уян хатан болгохыг уриалахын сацуу уур амьсгалын өөрчлөлтийн талаар явуулж буй судалгааг “дэмий зүйл” гэж тодорхойлж байв. 

Боловсролын сайд Бетси Дэвос

Тэрбумтан бөгөөд БНН-ыг хөрөнгө мөнгөөр ивээн тэтгэгч Бетси Дэвос Мичиган муж улс дахь тус намын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үедээ Трампыг “дайрч орж ирсэн хүн”, намын нүүр царайг илэрхийлж чадах хүн биш хэмээн дүгнэж байжээ.

Хөдөлмөрийн сайд Энди Паздер

Энэ хүн CKE Restaurants Holdings гэдэг түргэн хоолны сүлжээ рестораныг эзэмшдэг ажээ. Тэрбээр 2010 онд “Ажлын байр бий болгох нь: Бодит байдал ямар байна вэ? Засгийн газар яагаад үүнийг ойлгохгүй байна вэ?” гэдэг нэртэй ном бичжээ.

Ардчилсан намынхан болон үйлдвэрчний эвлэлийн удирдагчид Паздерыг “цалин багатай ажилчдын дайсан” гэж тодорхойлдог. Учир нь, тэрбээр нэг цагийн ажлын хөлсийг 15 доллароос дээш болгохыг эсэргүүцдэг аж. 

Дотоод хэргийн сайд Райан Зинке

Өдгөө 55 настай, АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын тусгай хүчний офицер асан Р.Зинке Монтана муж улсаас Конгресст сонгогдон ажиллаж байжээ.

Тэрбээр холбооны мэдлийн нийтийн эзэмшлийн газрыг муж улсуудын мэдэлд шилжүүлэх, хувьчлах эсэх асуудлаар намынхаа байр суурьтай санал зөрөлдөж, эдгээр газрыг холбооны улсын мэдэлд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үздэг хүн юм.   

Байгаль орчныг хамгаалах Холбооны агентлагийн дарга Скотт Пруитт

Оклахома муж улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Пруитт дэлхийн дулаарлын асуудлыг үл тоомсорлодог нэгэн юм.

Барак Обамагийн “Цэвэр эрчим хүч” санаачилгыг цуцлах талаар 28 муж улсаас хамтран явуулж буй ажиллагааг удирдаж буй түүнийг байгаль орчныг хамгаалах Холбооны агентлагийн даргаар томиллоо. “Цэвэр эрчим хүч” санаачилга нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас ялгарч буй хорт хийн хэмжээг багасгахад чиглэсэн бөгөөд энэ ажлыг Приуттын удирдах гэж буй агентлаг хариуцаж байсан юм. 

Трампын зөвлөхүүд 

Улстөрийн технологич Стивен Бэннон

Breitbart News гэдэг мэдээний порталыг ажиллуулдаг 62 настай Баннон Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх бөгөөд Тамгын газрын дарга Райнс Прибустай “ижил зиндаанд” ажиллах гэнэ. Ингэснээр Цагаан ордны баруун жигүүрт “хоёр толгойтой” улстөр-мэдээллийн бүтэц бий болох шинжтэй байна.  

Goldman Sachs банкинд ажиллаж байсан түүнийг хэт радикал үзэлтэй гэж шүүмжлэх нь бий.

Улс төрийн ахлах зөвлөх Стивен Миллер

30 настай Миллерийн хувьд Д.Трампыг үг хэлэхээр гарч ирэхээс өмнө цугларсан олны "биеийг халааж" зоригжуулан хөгжөөх үүргийг гүйцэтгэдэг байжээ. "Politico" сонин энэ залууг “цагаачлалын системийг шинэчлэх ажлыг нураах тал дээр хөшигний ард ажиллаж байсан хүн” гэж тодорхойлжээ.  

Ерөнхийлөгчийн зөвлөх Келлианн Конуэй

Дөрвөн хүүхдийн эх тэрбээр Трампын сонгуулийн штабын менежерээр ажиллан, Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг амжилттай явуулсан анхны эмэгтэй гэдгээрээ онцлог. Түүнийг “Трампын шивэгчин” гэж нэрлэдэг аж.

Ахлах зөвлөх Хоуп Хикс?

Хоуп Хиксийн хувьд Трампын хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж, сонгуулийн кампанит ажлын үеэр хэвлэлийнхний тавьсан асуултуудад хариулж байв.  

Тэрбээр хувцасны загвар зохион бүтээх бизнес эрхэлж, Иванка Трампын загварын брэндүүдийг сурталчилж байв.

Цагаан ордон дахь нийгмийн сүлжээ хариуцсан захирал Дан Скавино?

Скавино, Хикс хоёр бол сонгуулийн кампанит ажлын үеэр Трамптай байнга хамт байсан бөгөөд Скавино нь нийгмийн сүлжээн дэх Трампын үйл ажиллагааг хариуцаж байв. Тэрбээр хүүхэд байхдаа нэгэн гольфийн клубт Трамптай танилцсан аж.

Цагаан ордны олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Жейсон Миллер?

Миллерийн хувьд Сенатын гишүүн Тед Крузын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад Хоуп Хикс-эд туслахын тулд Трампын багт орж иржээ.

Орчуулсан Б.Адъяахүү 



 

Холбоотой мэдээ