Багш, шавийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-23 17:17:22

Энэ сарын 23-нд Монголын Урчуудын эвлэлийн гишүүн,Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ахмад зураач, МСҮТ-ийн уран зургийн багш Л.Халзан өөрийн дөрвөн шавийн хамт  “5-Уул” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ аймгийн Музей, сургалт судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.

Дээрх  үзэсгэлэнд  уран бүтээлчид сүүлийн үед туурвисан аж байдлын,  сонгодог, түүхэн сэдэвт 60 гаруй бүтээлийг  олны хүртээл болгожээ. Энэ тухай ахмад зураач Л.Халзан “Уран бүтээлийн үзэсгэлэн гэдэг бол зураач хүний хувьд тайлангаа тавьж байгаа хэрэг.

Би 1977 оноос эхэлж уран бүтээл туурвисан. Энэ удаагийн үзэсгэлэнд өөрийн шавь Г.Мөнхзаяа, Б.Түвшинтөр, Д.Ганпүрэв, О.Хишиг-Өлзий нарынхаа хамт бүтээл туурвилаасааа дээжлэн ард түмэндээ барьж  байна.

Олон түмэндээ залуу уран бүтээлчдийнхээ бүтээл туурвилыг танилцуулах, тэднийг дэмжих, урам зориг өгөх, иргэд олон нийтийн  оюуны  эрэлт хэрэгцээнд зориулж энэхүү үзэсгэлэнг гаргаж байна.

Манай залуус авьяастай, хөдөлмөрч ухаалаг. Гагцүү тэдэнд уран бүтээлийн үзэсгэлэнгээ байнга гаргадаг нэг сайхан галерей  манай аймагт байгуулагдаасай гэж  хүсэж явдаг” гэв.

Дашрамд дурдахад зураач Л.Халзан НҮБ-ын 40 жилийн ойгоор зарласан олон улсын уралдаанд дэд байрт шалгарч байсан авьяаслаг уран бүтээлч юм.

Тэрээр БНХАУ-д бие даасан үзэсгэлэнгээ зургаан удаа дэлгэж байсан бол Канад, АНУ, Швед зэрэг оронд зохиогдсон үзэсгэлэнд уран бүтээлээрээ оролцож байжээ. Үзэсгэлэн 5 хоног үргэлжилнэ.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ