Э.Буяндэлгэр:Монгол бичиг, уламжлалт соёлоороо омогших сэтгэлийг өдөөж өгсөн уралдаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-24 14:54:54

МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанаас ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагнал хүртсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын ЕББД сургуулийн технологийн багш Э.Буяндэлгэртэй уулзаж, ярилцлаа.

-Юуны өмнө танд энэхүү хүндэт шагналын эзэн болсонд баяр хүргэе? Өөрөө хичнээн жил багшилж байна. Яагаад багшийн мэргэжлийг сонгох болсон түүхээсээ яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Би хүүхэд байхаасаа дүрслэх урлагийн хичээлийг гүнзгийрүүлэн судлаж, сийлбэр хийж, зураг зурдаг байсан. Энэ сонирхлоороо 2008 онд МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн Сургуульд элсэн ороод 2012 онд төгссөн. Сургуулиа төгсөөд найз нартайгаа нийлж хувиараа уран бүтээл туурвиж байгаад 2014 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл ЕБДДС-д технологийн багшаар ороод одоо 3 дахь жилдээ багшилж байна.

-Энэ удаагийн уралдаанд ямар онцлог зүйлээр оролцов. Технологийн багшийн хувьд хийсэн бүтээсэн бүтээлүүд олон л байгаа байх. Энэ талаараа тодруулаач?

-Би энэхүү уралдааныг анх мэддэггүй байсан. Манай сургуулийн монгол хэлний А.Баянжаргал, Ж.Гэрэлмаа багш нар энэ уралдаанд удаа дараалан амжилттай оролцож байхыг харсан. Бас тэр хоёр маань энэ уралдаан ямар их бүтээлч, сайхан уралдаан болдог тухай ярьж байсныг сонссон. Тэгээд л энэ уралдаанд оролцох хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн оролцох бүтээлээ хийж эхэлсэн. Бүтээлээ ажлынхаа зав зайгаар ихэвчлэн шөнийн цагаар хийсэн. Энд бараг нэг сарын хугацаа зарцуулсан шүү. Би багшлахаасаа өмнө морины хохимой толгойтой морин хуур хийдэг байсан юм. Түүнээсээ санаа аваад энэн бүтээлээ хийсэн. Миний энэ бүтээл бол хүннү морины толгой ба цар болох хохимой толгой, дээр нь морин хуурын тухай шүлэг сийлж өгсөнөөрөө онцлог бүтээл болсон.

-Та өөрөө их гарын ур дүйтэй, бас авьяастай хүн юм. Авьяас дээр хөдөлмөр нэмэгдэж байж ямар нэгэн бүтээл төгс төрдөг шүү дээ. Тэгэхээр ийм урлах бүтээх зүйлээ анх хэнээс суралцав даа?

-Анх ахаараа сийлбэр заалгасан. Тэгээд хэвийн боовны хэв эхэлж хийсэн. Дараа нь арай ахиад бөөгийн эд хэрэглэл, монгол сийлбэртэй шатар, ширээ сандал гэх мэтийн жижиг зүйлүүдийг хийж эхэлсэн. Тэгээд мэргэжлийн сургуулиа төгсөөд найз нартайгаа сийлбэртэй иж бүрэн монгол гэр, бурхны гүнгэрваа, бумбаны хайрцаг, тамганы хайрцаг, бүтэн сийлбэртэй хаан, хатны суудал урласан. Мөн Монгол Улсын анхны гадаад хэргийн сайд Чинван Ханддоржийн өргөө гэр, Барилга, хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга асан н.Ганхүүгийн өргөө гэр, авто плаза ба crown servise-ийн гэр, Сэлэнгэ аймгийн гэрлэх ёслолын ордон гэх мэт нэлээд зүйлийг хийж амжуулсан. Надад хийсэн 5000 гаруй бүтээл бий.

-Пөөх та чинь ёстой их авьяастай, тун сүрхий хүн юм. Танай сургуулийн хувьд нэлээд онцлогтой юм шиг санагддаг л даа. Аргагүй ч юм уу даа.  Багш нар нь ийм бүтээлч, хөдөлмөрч хүмүүс юм чинь. Танай багш нар уралдаан тэмцээнд их оролцдог бололтой. Амжилт ч их гаргадаг юм байна. Хүүхдүүд нь хүртэл их авьяастай гээч. Энэ талаар таны бодол . . .?

-Тиймээ. Манай сургуулийн захиргааны зүгээс багш биднийг ажлын байран дээрээ тогтмол мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх талаар их анхаарал тавьдаг. Багш нарын дунд уралдаан, хичээлийн хэлэлцүүлэг, тэмцээн, семина тогтмол зохион явуулдаг. Энэ ажлууд маань их чанартай зохион байгуулагддаг. Бид жилийнхээ үйл ажиллагаа төлөвлөгөөг маш сайн хийдэг. Манай сургуулийн багш, сурагчид хичээлийн жилийн турш ямар ч зав зайгүй ажилладагтай бидний амжилт холбоотой.

-Сүүлийн үед хүүхэд нэг бүрийг хөгжүүлж авьяасыг нь нээж илрүүлэх тал дээр боловсролын байгууллага, сургууль, багш нар их ярьж хэлдэг, ажилладаг болжээ. Таны хувьд шавь нараа хөгжүүлэх тал дээр ямар ажил, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байна. Өөрийнхөө туршлага, ажлын арга барилаасаа хуваалцахгүй юу?

-Монголоороо омогших, монголоороо бахархах, монгол үндэснийхээ өв уламжлалыгалдагдуулахгүйн төлөө ажилладаг. Зүгээр нэг омогшоод, бахархах биш. Бодит байх ёстой. Тухайлбал сурагчдын сонирхол, чадварыг үндэслэн дугуйлан хичээллүүлж байна. Энэ дугуйланд сурагчдад монгол зураг, сийлбэр, эсгийн дээр монгол хээ угалзаар чимэглэл хийх аргуудаас зааж байгаа.

-Багшийн эрдэм шавьд гэдэг. Өөрийнхөө шавь нарын амжилтаас дурьдаач?

-Миний хүүхдүүд амжилт арвин байгаа. Би 12а ангийн сурагч н.Тэнүүн гэдэг хүүхдийг дангаар нь зөвхөн технологийн төрлөөр бэлтгэж уралдаан тэмцээнд оролцуулсан. Энэ шавь маань улсын техник технологийн олимпиадад дүрслэх урлагийн төрлөөр 3-р байр, СУИС-аас зохион байруулсан “Амгалан орчин” сэдэвт гар зургийн уралдаанд монгол зургийн төрлөөр 3-р байр эзэлж СУИС-ийн Хувцас дизайны ангид суралцах эрхийн бичгээр шагнуулж байсан. Мөн энэ шавь маань Их засаг лицей сургуулиас зохион байгуулсан “Миний мэдэх Чингис хаан” сэдэвт бүтээлийн уралдаанд “Чингис хаан” бүтээлээр 2-р байр эзэлж Их засаг Олон улсын их сургуульд хүссэн ангидаа суралцах эрхийн бичиг, “Чингис хаан” алдарын од медалиар шагнуулж байсан. Мөн Монгол Улсын урлаг судлалын академиас зохион байгуулсан “Хүүхдийн ертөнц 2016” монгол зургийн төрлөөр тусгай байрын шагнал хүртэж байлаа. Өнгөрсөн 2016 онд н.Тэнүүн маань өөрийн хүссэнээр ШУТИС-д элсэн орсон байгаа.

-МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн” Улсын уралдааны талаар өөрийнхөө сэтгэгдлийг хуваалцаач?  

-Миний хувьд Монгол бичиг, уламжлалт соёлоороо омогшиж бахархах сэтгэлийг улам өдөөсөн уралдаан байна гэж бодсон. Үндэс угсаа, шашин шүтлэг хамаарахгүйгээр Монгол хүн бүрийн хүсэн хүлээдэг хамгийн том нэр хүндтэй уралдаан чинь энэ байна лээ дээ. Энэхүү тэмцээнд монгол хүн бүр омог бардам оролцож байхыг уриалж байна.

-Технологийн хичээлийн зорилго болоод онцлог юу байдаг юм бол. Өөрийнхөө ирээдүйн зорилгоо хуваалцаач?

-Би энэ хичээлийн жилд хүүхэд нэг бүрийг технологийн хичээлээр зураг зурж , шинийг зохион бүтээх, бүтээлчээр сэтгэж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг байхын төлөө ажиллаж байгаа. Мөн хүүхдүүдээ зөв монгол иргэн болгон төлөвшүүлэхийг зорин ажиллаж байна. Миний өмнө нэг том зорилго бий. Энэ маань бүх шавь нартайгаа хамтраад монголын хамгийн том уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн гаргахыг ирээдүйн зорилгоо болгоод явж байгаа. 

-Та хэр авьяастай хүн бэ. Урлаг спортын талаар  . . .?

-Би өөрийгөө авъяастай хүн гэж боддоггүй. Өөрийнхөө бүх цаг заваа сийлбэртэй зориулж, уран бүтээлээ л туурвиж явдаг. Миний ар талд гэр орон, үр хүүхдүүдээ найдвартай авч явдаг хань ижил маань байгаа болохоор энэ л зүйлдээ өөрийнхөө авьяас, цаг, заваа зориулдаг. Өөр бусад урлаг, спортоор хичээллэх сонирхол болоод цаг зав гардаггүй дээ.

-Багш хүн бүрд л өөр өөрийн эзэмшсэн арга ухаан, туршлага гэж байдаг. Таны хувьд шавь нартайгаа хэрхэн харьцаж, ямар арга барилаар хичээлээ зааж байна. Энэ цагийн хүүхдүүдийн хүмүүжил, ёс суртахуун нэлээд онцлогтой юм шиг санагддаг?

-Би ангиудынхаа онцлогт тохируулан орчин үеийн техник багаж хэрэгсэл ашиглан тоглоомын аргаар хичээлээ заадаг.

-Багш хүний хамгийн эрхэмлэж явах зүйлийг та юу гэж бодож явдаг вэ?

-Суралцагсадынхаа зүрх сэтгэлд хүрч, өөрийнхөө юу чаддаг мэддэг бүхнээ тэдэндээ зааж сургах нь миний эрхэм нандин зүйл юм даа.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Хүсэл тэмүүлэлдээ хүрэхийн тулд тэвчээртэй, үнэнч шударга, тууштай ажиллаж чадвал заавал амжилтанд хүрдэг. Тиймээс хүсэл тэмүүллээ мэдэрч өөрийн зорилгодоо хүрэхийг залуучууддаа хүсье. Монголчууд бид чаднаа.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ