Шувууны томуугийн тархалттай холбоотойгоор ДЭМБ анхааруулга өглөө

Дэлхийд | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2017-01-24 15:42:32

ЖЕНЕВ. /Reuters/. Шувууны томуугийн дэгдэлтэд сайтар хяналт тавихыг ДЭМБ бүх улс оронд хандан уриалахын сацуу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш 40 орчим улсад шувууны томуугийн халдвар тархсан болохыг анхаарууллаа.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан даваа гарагт Женев хотноо болсон удирдах зөвлөлийн уулзалтын үеэр хэлэхдээ “шувууны аж ахуйд болон зэрлэг шувуудын дунд хоруу чанар өндөртэй шувуу томуугийн тархалт хурдацтай газар авч байна. Шувууны томуугийн тархалт газарзүйн хувьд хүрээгээ тэлж байгаа учир ДЭМБ түгшүүр зарлаж байна” гэжээ.

Дөрвөн өөр төрлийн вирусийн ген холилдсон шинэ төрлийн  “Эйч5-Эн6” шувууны томуу Азид тархаад байна гэж тэрбээр онцлон анхааруулжээ.

Түүний хэлснээр, Хятадад 2013 оноос хойш шувууны томуугийн “Эйч7-Эн9” вирус хүнд халдварласан 1300 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Шувууны томуугийн вирусүүд хүнээс хүнд халдварлахгүй гэх баталгаа байхгүй гэж ДЭМБ анхаарууллаа.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ