Отгонтэнгэр рашаан сувилал өвөл ажилладаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-26 01:50:16

Завханы Ахмадын ордны хоёрдугаар давхарт Отгонтэнгэр рашаан сувилал ахмадуудад зориулан үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж эхэлжээ.

Тус рашаан сувилал нь өвлийн улиралд тохь тухтай байргүйгээс үйл ажиллагаа нь түр зогсдог. Харин зуны улиралд үйлчлүүлэгчдээ байгалийн рашаантай газраа хүлээн авдаг байжээ.

Тус сувилал нь Сэргээн засах, уламжлалт анагаах ухааны мэргэшсэн эмч сувилагчдын баг сэргээн засах багаж тоног төхөөрөмжөө шинэчилж үйл ажиллагаагаа өргөтгөжээ. Ийнхүү дулаан тавтай орчинд хөдөлгөөн засал, сэргээн засал, зүү төөнө засал, бариа засал, монгол эм тан эмчилгээ, физик эмчилгээ, хоол эмчилгээ хийхээс гадна хүчилтөрөгчийн коктелээр үйлчилж байна. Нийт 15 ортой бөгөөд өрөө бүр ОО өрөө угаагууртай, нэг ээлжиндээ 15-20 хүнийг хүлээн авах боломжтой ажээ.

Мөн аймгийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний газрын харьяа Ахмадын сувилалтай хамтран ажиллах гэрээ хийж энэ сарын 25-наас эхлэн ахмадуудад дараалалгүй үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Ахмадууд болон эрүүл мэндийн даатгалтай ямар ч насны иргэд мөн үйлчлүүлэх боломжтой болжээ.

Дашрамд өвлийн улиралд ажилладаг рашаан сувилал, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг газрууд нь дараалал ихтэй байдаг ба багадаа л хагас сарын дараа дугаараараа үйлчлүүлдэг юм байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ