Цагаан сар дөхөж цагаан идээний үнэ өсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-26 01:55:36

Цагаан сарын гол хэрэглээ болсон сүү, цагаан идээний үнэ Завхан аймагт өндөр байна.

Учир нь сүүлийн хоёр жил Завхан аймаг гадаа гудамжинд гар дээрээс худалдаа эрхэлдэг худалдаачдаа цөөрүүлж Баруун бүсийн худалдааны төвд сүү цагаан идээний нэгдсэн лангууг нээж төвлөрүүлсэн. Гэвч цагаан сарын сургаар малчид томоохон зах, дэлгүүрийн үүд бараадан гар дээрээс сүү цагаан идээгээ борлуулж эхэлжээ. Тэд хүссэн үнээрээ бүтээгдэхүүнээ борлуулж эхэлснээр цагаан идээний наймаачдад хүндрэл учруулаад байгаа бололтой. Харин энэ дундаас жирийн иргэд хямдхан сүү цагаан идээ олж авахад хүндрэлтэй болоод байна.

Малчдын гар дээрээс борлуулж байгаа хөлдүү сүү 1кг нь 2500 төгрөг, нэг тогооны өрөм 10000 төгрөг, шар тос, ааруул кг нь 10000 төгрөг байгаа бол сүү цагаан идээний лангуун дээр сүү 1 литр нь 2000 төгрөг, ааруул 7000 төгрөг, шар тос, цагаан тос 1кг нь 8000 төгрөгний үнээр худалдаалагдаж байна. Аймгийн МХГ биднийг гар дээрээс наймаа эрхлүүлэхгүй гэчихээд малчдад хяналт тавьж чадахгүй байна. Өнөөдөр цагийн ажил албатай иргэд зам дагуу ил задгай газраас замын ойрыг нь бодоод малчдаас сүү цагаан идээгээ худалдаж авч байна. Зах зээлийн үнээ ч мэдэхгүй байна хэмээн сүү цагаан идээний худалдагчид хэллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ