17 настай залуу түрүүлсэн нь түүхэнд бичигдэх ховор үйл явдал болсон гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-04 18:07:11

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар сар бүрийн ээлжит мэдээллээ сэтгүүлчдэд өглөө.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд энэ зун тохиосон Ардын хувьсгалын 94, аймаг байгуулагдсаны түүхт 84 жилийн ойн баяр наадам, Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх ёслол, Төвийн бүсийн хурд 2015 наадам, Арвайн хүрээний Бандид ламтны 6 дугаар дүрийн гэгээнтэн Дэнзэнжамъянлодонд Баторшил өргөх ёслолын талаар мэдээлэл хийв.
Тухайлбал аймгийн баяр наадамд 17 настай залуу бөх түрүүлж аймгийн Арслан цол хүртсэнийг түүхэнд бичигдэх ховор үйл явдал хэмээн онцоллоо.
Мөн Өндөр гэгээн Г.Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулж Баторшил өргөх даншиг наадам зохион байгуулсан нь гэгээнтнийг төр нийгэм, шашин, соёл урлагийн гарамгай зүтгэлтэн болохыг олон нийт, залуу хойчдоо таниулах зорилготой байсныг дурдав. Уг арга хэмжээнд Засгийн газраас 580 сая төгрөг, орон нутгаас 320 сая төгрөг зарцуулсан байна.
Мөн Арвайн хүрээний Бандид ламтны 6 дугаар дүрийн гэгээнтэн Дэнзэнжамъянлодонд Баторшил өргөх ёслолд Төвдийн төрийн Чойжин лам хүрэлцэн ирж Өвөрхангай аймгийн ард түмний нас буяныг тэгшитгэх зорилгоор “Насны авшиг”, аюул осол, муу зүйлээс хамгаалах “Пүрэвийн ван” номуудыг айлджээ. Түүнчлэн Гандантэгчэнлин хийдийн томоохон гавж, Ганданпунцоглин хийд, сумдын хийдийн хамба, лам хуврагууд оролцсон байна.
Мөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Д.Цэрэнтогтохын оршуулгын ажлыг аймгийн хэмжээнд ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгуулсан болохыг мэдэгдлээ. Талийгаачийн хувьд нэг талаараа хувь хүн боловч нөгөө талаараа Өвөрхангай аймгаас төрсөн ноён оргилуудын нэг тул оршуулгын арга хэмжээг ёс журмын дагуу сайтар зохион байгуулахыг эрмэлзсэн гэдгийг уулзалтын үеэр аймгийн удирдлагууд хэлж байв.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд