Арбитрын тухай хуулийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-26 13:23:40

УИХ-ын чуулганы хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

Уг хуулийг Монгол Улс 2003 онд баталжээ. Гэвч энэ хууль нь НҮБ-ын Олон улсын худалдааны эрхзүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцүүлээгүй байна. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын онцлог, НҮБ-ын Загвар хуульд нийцүүлэн боловсруулсан хэмээн Засгийн газар танилцуулгадаа дурьджээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн, “Энэ хуулийг маш нарийн боловсруулах хэрэгтэй. Одоо өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Газрын тухай, Банкны тухай, Газрын тосны тухай, Эрчим хүчний тухай, Харилцаа холбооны тухай хуулийг эргэж харах асуудал байна. Тухайлбал дээрх хуулиудад “Арбитрын хэлэлцээртэй байвал арбитраар, өөр тохиолдолд шүүхээр шийдүүлнэ” гэсэн өгүүлбэр орсон. Арбитрын хэлэлцээр гэдэг нь Арбитрын тухай хуулийн 2.1.3-т “Арбитрын хэлэлцээр байгуулах үед уг хэлэлцээрийн талууд өөр өөр улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол олон улсын арбитрын маргаан гэж үзнэ” гэж заасан байгаа. Энгийнээр тайлбарлахад гадны иргэн Монгол Улсад газар эзэмшээд түүн дээр маргаан үүсвэл олон улсын арбитрын маргаан гэж үзэх боломжтой болно. Бидний асуудлыг гадныхан шийдэхэд хүрэх юм” гэлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дарга Ш.Раднаасэд, “Хэлцэл хийж байгаа хоёр тал гэрээ байгуулахдаа ирээдүйд маргаан үүссэн тохиолдолд арбитраар шийдвэрлэх үү, шүүхээр шийдвэрлэх үү гэдгээ тохирно. Энэ бол дэлхийн жишиг” хэмээн хариулав. Мөн ХЗДХ-ын сайд С.Баямбацогт, "Гадаадад жилд 40 мянган арбитрын хэлэлцээр болж байхад Монголд ердөө дөрөв болдог. Бид Арбитрын тухай хуулиа батлаад сайн өмгөөлөгчтэй болж чадвал гадаадад үйл ажиллагаа явуулж буй Монгол компаниуд аливаа маргаанаа арбитраар шийдвэрлэхдээ эх орондоо хэлэлцээрт орох боломж бүрдэнэ. Энэ бол дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих томоохон боломж” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагт эхэлнэ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ