Тоглолтын орлогоос 21 залуу малчин өрхөд халуун хошуут мал хандивлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУИХ-ын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны ерөнхийлөгч Д.Гантулгын санаачилгаар Монголын залуу малчдаа малч ухаанд сургах, амьдралыг нь дээшлүүлж зах зээлд өрсөлдөх чадвартай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Залуу малчдыг дэмжих” аяныг эхлүүлэхээр болжээ.
Энэ талаар өнөөдөр Удирдлагын академийн сонсогч төгсөгчдийн холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, JCI Chairman байгууллага, Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Монгол поп опера “Увертюра” хамтлаг хамтран мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Д.Гантулга хэлэхдээ, “Ажлын байрыг нэмэгдүүлэх шийдлийн нэг нь малжуулах хөтөлбөр юм. Иймээс мал маллах ухаанд суралцаж байгаа, хөдөө орон нутагтаа залуу насаа зориулан ажиллаж байгаа залуусаас сонгон аймаг нэг аймгийн нэг залуу малчин гэр бүлд 50 эм төлөг олгохоор шийдсэн. Нийт 1000 гаруй малыг 21 залуу өрхөд олгоно” гэв.
Аяны хүрээнд 21 аймагт Залуу малчдын зөвлөгөөн, Залуу уяачдын чуулган, Удирдлагын академийн сонсогч төгсөгчдийн холбооны гишүүд дэмжигчдийн зөвлөгөөн, Гэр бүл хүүхэд, залуучуудын газар, JCI Chairman байгууллага хамтран хүүхэд, залууст мэргэжил сонгоход нь туслах зорилгоор “Ажлын гараа” лекц зохион байгуулна гэдгийг зохион байгуулагчид дуулгалаа.
Мөн Монгол поп "Увертюра" хамтлаг аяныг дэмжин орон даяар аялан тоглолт хийх юм. Тус хамтлаг энэ сарын 31-нд Бөхийн өргөөнөө “Монгол минь" тоглолт хийх бөгөөд аялан тоглолтоо ирэх сарын 03-нд Хэнтий аймгаас эхэлнэ. Зүүн болон говийн бүсийн нутгаар 11-нийг хүртэл, Сар шинийн баярын дараа шинийн наймнаас ирэх сарыг дуустал баруун аймгаар аялан тоглолтоо гурван үе шаттай үргэлжлүүлэх юм.
Аяныг зохион байгуулагчдын зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлан үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, байгууллагуудыг залуу малчдыг дэмжих аянд идэвхтэй оролцон, хамтран ажиллахыг уриалав.
Ж.Болор