Тэмээний баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-01-27 18:29:27

Увс аймгийн Завхан суманд энэ сарын 25-нд Тэмээний баяр боллоо.

Тус сумын аймгийн төв дахь Нутгийн зөвлөлөөс сумандаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор шилдэг буур тодруулах болон хурдан тэмээний уралдаан, ганган тэмээтэй хос шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан байна. Энэхүү баярт 70-аад тэмээ оролцсон бөгөөд Увс аймгийн Өлгий, Наранбулаг, Ховд аймгийн Дөргөн сумын тэмээчид ирсэн өргөн хүрээтэй баяр болжээ. Хурдан тэмээний уралдаанд Завхан сумын Хяргас нуур багийн малчин Ч.Оргилын улаан ат түрүүлж, Шар булаг багийн малчин А.Баянмөнхийн хоёр хар ат 2-3-р байр эзэлсэн байна. Сайхан тэмээтэй хосоор Хяргас нуур багийн малчин Т.Галбадрах, эхнэр Б.Тэгшээгийн хамт тэргүүлсэн байна. Харин шилдэг буурийн тэмцээнд Хяргас нуур багийн малчин Д.Цэнд-Аюушийн хөх буур, Д.Хэнзээгийн улаан буур, Ховд аймгийн Дөргөн сумын малчин Г.Пүрэвсүрэнгийн улаан буур тус тус шалгарчээ.

Завхан сумын ЗДТГ-аас Улаанбаатар хотын “Сайхан халиун” компанийн захирал С.Хийморьсантай хамтран ирэх 3-р сарын 11-нд Тэмээний баярыг сумандаа зохион явуулах гэж байна. Энэхүү баяр нь 11 дахь жилдээ уламжлал болон зохиогдох гэж байгаа бөгөөд олон сумын тэмээчид оролцдог өргөн хүрээтэй баяр болдог юм.

Увс аймгийн Завхан сум нь аймгийнхаа хамгийн олон тэмээтэй сум бөгөөд энэ жил 7649 тэмээ тоолуулсан байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ