Улаанбаатарын утааны эсрэг “Боож үхлээ” жагсаал болов
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөөдөр 12 цагаас /2017.01.28 / Сүхбаатарын талбайд Улаанбаатарын утааны эсрэг “Боож үхлээ” жагсаал болов.
Тэд төв талбайд “Үр удмаа утаанаас аваръя”, “Утаа бол хүчирхийлэл юм”, ”Чимээгүй хөнөөхөө зогсоо”, “Биднийг авраач” зэрэг бичигтэй зурагт хуудас бүхий самбар байршуулсан байв. Жагсаал цуглаанд ирсэн ээж, аав, ахмадууд болон залуус утааг эсэргүүцсэн лоозон, бичиг болон хар өнгийн бөмбөлөг барьжээ.
Улаанбаатар хотын утааны эсрэг “Боож үхлээ” жагсаалыг зохион байгуулагч, сэтгүүлч Ц.Пүрэвхүү цуглааныг нээж хэлэхдээ,“Боож үхлээ” жагсаалд цөөнгүй эцэг, эхчүүд, залуучууд, иргэд хүйтнийг ажрахгүй хүрэлцэн иржээ. Бид 10 мянган өргөдлийн маягт бөглүүлэхээр тараасан. Сая Монголын Үйлдвэрчний соёлын төв ордноос утааны эсрэг жагсаалын цуваа төв талбайд ирлээ. Энэ бол баярын жагсаал, концерт биш. Бид хотынхоо хорт утааг эсэргүүцэж, боож үхэх шахсандаа жагсаж байгаа юм. Мөн бид сарын өмнө өгсөн шаардлагынхаа хариуг нэхэж энд ирсэн. Цаашдаа ч аав, ээжүүд үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө тууштай тэмцэх болно” хэмээн онцолсон юм.
Утааны эсрэг “Боож үхлээ” жагсаалын үеэр төрийн гурван өндөрлөгт хүргэсэн шаардлагыг уншиж танилцуулан, аав, ээжүүд “шаардаж байна” хэмээн дуу хоолойгоо нэгтгэн, шүгэл үлээж, “Боож үхлээ” хэмээн хашгирч жагсагчид эсэргүүцлээ илэрхийлж байв.
Утааны эсрэг ээж аавууд ТББ-аас зохион байгуулсан энэ өдрийн жагсаалд оролцогчдын шаардлагыг товч танилцуулж байна.
Тухайлбал: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Та: 1. Агаарын бохирдол, утааг гамшиг гэж үзэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар идэвх, санаачлагатай, тууштай ажилла. 2. УИХ-ын чуулганд биечлэн оролцож, уг асуудлыг яаралтай хэлэлцүүл. 3. Эрх мэдлийнхээ хүрээнд томилдог, мөн удирддаг ЕТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудынхаа албан хэрэгцээнд ашиглаж буй авто машины тоог Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө 40 хувь бууруул гэжээ.
Монгол Улсын Их Хурал, УИХ-ын дарга М.Энхболд Та: Агаар хөрс, усны бохирдлын гамшиг гэж үзэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлаа яаравчилж УИХ-аар хэлэлцэж буй Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд яаралтай эдгээр нэр томъёог тодорхойлж оруул зэрэг долоон шаардлага тавьжээ.
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ж,Эрдэнэбат Та: "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-аас 2016.12.26-ны өдрийн жагсаалаас хүргүүлсэн шаардлагад нэн даруй хариулт ирүүл. Засгийн газрын ээлжит хурлыг 2017.02.01-ны 10 цагт Баянхошууны эцэс Жанцангийн дэлгүүрийн гадаа хий. Бид та бүгдийг хүлээж байх болно зэрэг 10 шаардлагыг тавьж байгаа аж.
Нийслэлийн утааг бууруулах ажлын хүрээнд НИТХ, НИТХ-ын дарга Ц.Сандуйд найм, Улаанбаатар хотын захирагч С.Батболдод таван шаардлага тус тус хүргүүлж байгаа юм.
Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн Б.Батчулуун, “Өнөөдөр би энэ утааны эсрэг жагсаалд оролцож байна. Энэ асуудал бол цаг үеэ олсон зөв зүйтэй үйл явдал учраас дэмжиж ирсэн. Юуны өмнө УИХ-д суугаа 76-г онцолж хэлмээр байна. Энэ хүмүүсийн хувьд 4 жил амар тайван суудаг, хувийн ашиг сонирхол, эрх мэдлээ бататгадаг газар нь болсон гэлтэй. Монголын ард түмэн намчирхалгүй нэг цул байж л хөгжиж, дэвжинэ гэж боддог. Өнөөдөр хүйтний эрч маш чангарсан ч олон хүн, тэр тусмаа залуус олноор ирж дуу хоолойгоо нэгтгэж байгаад ихэд талархаж явна. Утааны эсрэг жагсаал, хөдөлгөөн улам хүчээ авна гэдэгт итгэлтэй байгаа. Утаа үнэхээр гамшиг болчихоод байна шүү дээ” хэмээн ярьсан юм.
“Боож үхлээ” жагсаалыг сэтгүүлч Г.Алтантүрүү хөтлөн, “Лемонс” хамтлаг, жааз дуучин Ц.Хулан, “Mr.Dogs” хамтлаг ая дуугаа өргөсөн. Жагсаалын төгсгөлд оролцогчид Төрийн ордныг гороолж, утааны хор уршиг иргэд, хүүхэд багачуудын эрүүл мэнд, уушгийг ямар болгож буйг харуулах үүднээс хар өнгийн бөмбөлөгийг Төрийн ордны хашаанд өлгөж байв.
Д.Өлзий