Мөрөн суманд жишиг ногоон зурвас байгуулах төслийг сайдад өргөн барив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-30 23:21:59

Хөвсгөл аймагт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллав. Тэрээр эхлээд аймаг орон нутгийн удирдлагуудтай Мөрөн суманд уулзаж монгол орны аялал жуулчлалын жишиг нутаг Хөвсгөл аймаг байх ёстой гэдгийг онцолж байв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар сайдад Мөрөн сумаас нисэх буудал хүртэл, хүндэтгэлийн хаалганаас Мөрөн сум хүртэлх газруудад жишиг ногоон зурвас байгуулах төслийг өргөн барив. Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурыг үзэх гэсэн гадаад, дотоодын жуулчид, аялагчид Мөрөн сумаар дайран өнгөрдөг бөгөөд тус аймагт ирж буй зочдыг ногоон байгууламж бүхий тохилог орчин угтах нь чухал гэж үзэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд анхны жишиг болох ногоон зурвасыг байгуулах саналыг тавьж байгаа ажээ. Уулзалтаар аймгийн удирдлагууд орон нутгийн болон иргэд олон нийтийн хэрэгцээ шаардлагын үүднээс зарим түгээмэл тархацтай ашиг малтмал, байгалийн баялгийг байгаль орчинд ээлтэй байдлаар ашиглах бодлогыг баримталж байгаа гэдгийг хэлсэн бөгөөд байгаль орчныг хамгаалах, энэ салбарт ажиллагсдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах, техник хэрэгсэл, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

БОАЖ-н сайд хэлсэн үгэндээ, Хөвсгөл аймаг бол Монгол Улсын аялал жуулчлалын гол түшиц аймаг мөн. 2016 онд дэлхий даяар явуулсан Та дэлхийн аль улсад очиж үзэхийг хүсдэг вэ? гэсэн санал асуулгад Монгол Улс анх удаа 7-р байранд орлоо. Энэ бол дэлхий Монголыг сонирхож байна гэсэн үг. Монголын аялал жуулчлалын салбар хөгжих боломж байна гэдгийг харуулсан чухал үзүүлэлт юм. Монголд ирэхийг хүсэгчдийн ихэнх нь УБ хот, Хөвсгөл нуур, Чингис хааны төрсөн газар гэсэн 3 зүйлийг үзэхийг хамгийн ихээр хүсч байгаа нь судалгаанаас харагдсан. Цаашид Хөвсгөл аймаг аялал жуулчлалыг системтэйгээр, бодлоготойгоор, байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэх ёстой. Хөвсгөл нуур тойрсон жуулчны баазуудын үйл ажиллагаанд хяналт тавих, стандарт нормыг мөрдүүлж, хянаж ажиллах, үүргээ биелүүлээгүй жуулчны баазуудын үйл ажилллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг авч ажиллана. Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа, олборлолт хайгуул хийхдээ нарийвчилсан судалгаа, төлөвлөгөөгөө салбарын яаманд ирүүлж асуудлыг шийдэж байхыг анхаарах хэрэгтэйг онцолж байлаа.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ