“Иргэний нийгмийн өдөр”-өөр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-01 00:28:45

Монгол Улс жил бүрийн нэгдүгээр сарын 31-нийг “Иргэний нийгмийн өдөр” болгон тэмдэглэж ирсэнтэй холбогдуулж Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, тус аймгийн “Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл”-тэй хамтарч “Дарханы хөгжил-Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн бүтээлч санаачлага оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг хийв. 

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нарын аймгийн удирдлагууд, тус аймгийн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Дархан сумын Багуудын ИНХ-ын болон Засаг дарга  иргэдийн төлөөлөл 70 гаруй хүн оролцож санал бодлоо илэрхийллээ. Тус аймагт 394 Төрийн бус байгууллага бүртгэлтэй байдгаас 20 гаруй хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр ТББ-ууд нэгдэж “Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл”-ийг байгуулж Дархан хотын хөгжилд олон нийтийн байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлж бүтээлч санаачлагыг өрнүүлж орон нутгийн бүтээн байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар зорьж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн М.Амарсанаа:- “ИННЗ-ийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, цаашид Төр-Иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн чиглэлээр хамтарч ажиллах зорилтууд”, “Хайрын цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ын тэргүүн Ц.Оргилсайхан “Аймгийн хөгжлийн бодлого, хот төлөвлөлт дэд бүтэц, тохижилт экологи, байгаль орчин, аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн бүтээлч санаачлага, оролцоо, хамтран шийдвэрлэх арга замууд”, ИННЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Алтантуул “Үйлдвэржилт, хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ажлын байр тулгамдсан асуудал”, Хувийн ЭМБ-ын Нэгдсэн холбооны тэргүүн Л.Бат-Эрдэнэ “Нийгмийн салбарыг хөгжүүлэхэд боловсрол, эрүүл мэнд иргэдийн оролцоо тулгамдсан асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. 

Мөн үеэр төр болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар шинэ шинэ санал санаачлагууд гарав. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “Аймаг, орон нутгийн удирдлагууд иргэний нийгмийн байгууллагуудын ажлыг байнга дэмжиж ирснийг онцлоод цаашид “Төр хувийн хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийнхээ хугацаанд баримталж ажиллах үндсэн чиглэл” аймгийн Засаг даргын “2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд ТББ, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллахаар тусгасан”-ыг онцоллоо.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ