Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы Пүрэв, Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Ерөнхийлөгчийн “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал” сэдэвт мэдээлэл багтсан байна. Мөн “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” төслийг хэлэлцэх юм. Мөн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай болон Гамшгаас хамгаалах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх аж.
Түүнчлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай”, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Хөгжлийн банкны тухай, “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай”, Цагдаагийн албаны тухай хуулийн төслин анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Хэлэлцэх асуудлын төгсгөлд хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Ерөнхий сайд мэдээлэл хийнэ. Дэгийн тухай хуулиар Ерөнхий сайдын мэдээллийг Баасан гарагийн үдээс хойших хуралдаанаар сонсоно.
Ч.Ариунболд