Ямар өвчтэй болохыг нүдээр нь шинжиж болно

Дэлхийд | Эрүүл мэнд
bars@montsame.mn
2017-02-02 09:28:00

МОСКВА./pravda.ru/. Нүд бол хүний биеийн хамгийн нарийн бүтэцтэй, хамгийн нууцлаг эрхтэн юм. Энэ чухал эрхтнийг “сэтгэлийн толь” гэж нэрлэсэн нь олонтоо. Үүний сацуу нүд нь илт мэдэгдэж буй өвчин төдийгүй бие махбодийн дотор далд үүсэн даамжирч буй өвчний талаарх мэдээллийг өгч байдаг ажээ.

Жишээ нь, хараа бүүдийх нь нүдний алим, тархинд ирэх цусан хангамж муудсаны үр дагавар байж болох ба энэ нь цус харвах анхдагч шалтгаан болдог. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, нүд хэвийн бус байдлаар бүлтийх нь тухайн хүний бамбай булчирхай "буруу ажиллаж" байгааг илтгэнэ. Түүнээс гадна ходоод гэдэсний хямрал, үе үе жин буурах зэргийн шинж тэмдэг байж болох талтай. “Век” сонинд бичсэнээр, бамбай булчирхайн үйл ажиллагааг эмийн эмчилгээ болон мэс заслын аргаар хэвийн байдалд оруулах боломжтой.

Зовхи унжих нь дархлааны тогтолцоонд асуудал үүсч, булчин суларч байгааг анхааруулсан дохио байж болох юм. Нүд харанхуйлах, тэрчлэн бүрэнхийд юм харахгүй байх нь чихрийн шижний суурин дээр үүсдэг тал бий. Хэрвээ өвчин даамжрах аваас чихрийн шижний ретинопати үүсэх буюу нүдний хялгасан судсууд тасрах аюултай. 40 хүртэлх насын хүмүүст эвэр бүрхэвчийг тойрон бүүдгэр цагираг үүсэх нь цусан дахь холестерины хэмжээ их байгааг илтгдэг бол нүдний цагаан шарлах нь таны элэг асуудалтай болжээ гэсэн үг. Нүдний зовхи татлах нь мэдрэлийн системд асуудал үүссэнийг гэрчилдэг тул  эмчид яаралтай үзүүлж шинжлүүлэх хэрэгтэй. Мөн ийм шинж тэмдэг нь стрессээс үүдэлтэй байдаг. Хэрвээ үүн дээр нэмэгдээд ээрэх, энурез эсвэл явахад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдэг дагалдаж байгаа бол энэ нь хэрх өвчин байх магадлалтай.

Үүнээс гадна, нүдний дээд зовхи хавдаж байгаа бол цөсний хүүдийнд чулуу үүсч эхэлж байж магадгүй. Нүдний нулимс цийлэгнэх, эвэр бүрхэвчийн судаснууд нь улайсан байх нь нүдний даралт өвчин үүсч байгааг илтгэнэ. Хэрвээ нүдэн дээр байнга салсархаг цагаа унаж байгаа бол нүдний эмчид үзүүлэн катаракт /бүүдийлт/ үүсч байгаа эсэхийг шалгуулахад гэмгүй.

Нүдний дор жижиг жижиг хар толбо үүсч байвал бөөрөнд чулуу үүсч байх магадлалтай. Нүдэнд өвдөг гарах нь нэг бол нүдэнд халдвар орсон, нэг бол элэг цөсний ажиллагааг хүндрүүлдэг өөх тос ихтэй хоолоо /нэн ялангуяа гахайн мах/ хязгаарлах хэрэгтэй сануулж байж мэднэ.

Хэрвээ нүдний доод зовхины арьс ягаандуу эсвэл бордуу өнгөтэй байх аваас энэ нь бөөр, цусан дахь глюкозын хэмжээ, бамбай булчирхай, зүрх судасны системээ оношлуулах хэрэгтэй гэсэн дохио юм.

Байн байн нүдээ анивчих нь өөртөө итгэлгүй байгаагийн шинж тэмдэг төдийгүй мэдрэлийн систем, элэгний өвчлөлийг илтгэж байж магадгүй. Нүдний зовхины дотор талыг эргүүлэн харахад эрүүл хүний зовхи жигд ягаан өнгөтэй байдаг. Хэрвээ өнгө нь илт улаан болсон байгаа бол энэ нь цусны эргэлт алдагдсан, хоол боловсруулах систем хямарсан, эсвэл бэлгийн талын асуудал байгааг гэрчилнэ. Нөгөөтэйгүүр, цусны эргэлт алдагдсаны дохио бол зовхины дотор тал цагаан болох тохиолдол юм. Энэ нь хамгаас түрүүнд төмрийн дутагдлын анеми, цусан дахь улаан гемоглобины дутагдал байх магадлалтай. Улаан шаргалдуу өнгөтэй байх нь бөөр, элэг, дэлүү, нойр булчирхай эсвэл зүрхний ажиллагаа алдагдсаныг харуулна.

Ийм учраас та нүдээ үе үе сайн ажиглаж байх хэрэгтэй, ингэснээр эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж бий шүү. 

                                                                                                                О. Барс

 

Холбоотой мэдээ