Авлигачдыг суллахаар шийдвэрлэснийг румынчууд эсэргүүцэн жагсав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБУХАРЕСТ. /ВВС/. Авлигын хэргээр хорих ял сонссон олон арван албан тушаалтнуудыг суллах тухай шийдвэр гаргасныг эсэргүүцэн Румыны нийслэл Бухарест хотод олон хүн жагсаал хийлээ.
Лхагва гарагийн орой тус улсын хот суурин газруудад засгийн газрын байрнуудын үүдэнд наад зах нь 150 мянган хүн жагссан гэсэн мэдээлэл байна.
Нийслэл хотод жагсагчдын зарим нь цагдаа нар руу утаат бөмбөг шидсэний хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хий цацжээ.
Хоригдлуудыг суллах тухай тогтоолыг тус улсын Засгийн газар мягмар гарагт баталсан байна.
Зүүний төвч үзэлт Социал Демократ намын Сорин Гриндяну-гаар удирдуулсан тус улсын Засгийн газар мэдэгдэхдээ “шоронгуудын ачааллыг багасгахын тулд зарим хоригдлыг суллах хэрэгтэй байна” гэжээ.
Харин жагсагчид “Гриндяну авлигач нөхдөө суллахын тулд ийм шийдвэр гаргалаа” гэж үзэж байна.
Бухарестад жагсагчид “Огцор!”, “Хулгайчууд, хулгайчууд” гэсэн бичиг барьсан байжээ.
Нэгэн жагсагч ярихдаа “бидэнд боломж маш бага байна. Тэмцэх нь хамгийн чухал” гэжээ.
Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, 44 мянга хүртэлх еврогийн хахууль авсан хүмүүс энэ тогтоолоор суллагдах юм. Тухайлбал, 24 мянган еврог төсвийн хөрөнгөнөөс завшсан хэргээр хорих ялаар шийтгүүлсэн Социал Демократ намын дарга Ливиу Драгнеа суллагдана.
Мөн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс болон шүүгчдийг суллах ажээ.
Г.Доржханд