Хамарын хийд орчмыг цэвэрлэхэд 720 тн хог хаягдал гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-02 11:48:17

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын  энэ оны нэгдүгээр сар 25-ны  А/22 тоот захирамжийн дагуу “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газар, Сайншанд сумын зургадугаар багийн ажлын алба, сумын ИТХ-ын төлөөлөгчид, Хамарын хийдийн оршин суугч иргэд, нийт 72 хүний бүрэлдэхүүнтэй  Ажлын хэсэг Хамарын хийдийн цогцолборт газрын хогийг цэвэрлэлээ.

Цэвэрлэгээгээр Шамбалын орон, агуйн ам болон баруун амнууд, Тонтой овоо, зүүн гэр байр, гэр буудлуудын орчмоос зургаан машин хог, нийт таван га газраас 10 машинаар 50 тн хог хаягдлыг цэвэрлэж хогийн цэгт зөөж асгав.

Мөн Хамарын хийдийн гэр буудлуудын зүүн урд байдаг хуучин бие засах газар дүүрсэн, цаашид ашиглах боломжгүй, хогийн цэг болсон тул ковшоор түрж, буулган тэгшилж  гурван машин 15 тн хог гарсныг хогийн цэгт хүргэсэн аж.

“Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын дарга Б.Жаргалсайхан, хот тохижилтын газрын мэргэжилтэн Ж.Отгонбаяр, Хамарын хийдийн хамгаалалтын захиргааны албаны мэргэжилтэн Ш.Байгалмаа нарын удирдлага доор нийт 52 ажилтан албан хаагчид зургаан ачааны машин, нэг ковш, дөрвөн суудлын авто машиныг гаргаж ажиллажээ. Үүний үр дүнд 10 га газрын 720 тн хогийг түүж, хур хог хаягдлыг 4 хэсэгт түрж овоолон цэгцэлсэн аж.

Хог цэвэрлэгээний ажилд Хамарын хийдийн гэр буудлуудлын байнга оршин суугч иргэд идэвхгүй оролцлоо гэж “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын дарга Б.Жаргалсайхан ярив.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ