Ан амьтан ажиглах аялал хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-02 12:24:12

Баянхонгор аймгийн БОАЖГ, Хонгор нутаг гэрэл зураг сонирхогчдын клуб, Өлзийт сумын ЗДТГ-ын Байгаль орчны алба, Хонгор нутгийн аялалд нэгдэх клуб хамтран "Ан амьтан ажиглах аялал"-ыг зохион байгуулахаар болжээ.

2 дугаар сарын 4-н буюу энэ долоо хоногийн бямба гаригт болох тус аялал 180 км үргэлжлэх бөгөөд Баянхонгор аймгийн төвөөс Өлзийт сум хүрч, Түйн гол, бургас, Шаргалжуутын голыг үзээд цааш аялана. Үргэлжлүүлэн Цагаан хавцгай орж Нурамтын даваа, Бийрийн багийн өвөрмөц тогтоцтой хадан цохио үзэж, тэнд байх зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгөх юм байна. Тэндээсээ Уушгийн хаданд очиж Дөш хөтөл, Худас уртын баг, Уушгийн хад, Чонын ходоод, Тэмээн таваг зэрэг сонин тогтоцтой газруудыг үзэж Аргаль, янгирын тархац нутагтай танилцах аж.

Зэрлэг ан амьтдыг хамгаалах, тэдгээрийн тархац нутагтай танилцаж өвс тэжээл тавьж өгөх, хүүхэд залуучуудад байгаль ан амьтан хамгаалах өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж сурталчлан таниулах зорилгоор тус аяллыг зохион байгуулж байгаа юм байна. Ховор ан амьтан, байгаль дэлхийдээ хайртай хэн бүхэн тус аялалд нэгдэх боломжтой тус аялалд явах хүмүүс мэргэжлийн, сонирхогчийн камер, гар утас зэрэг гэрэл зургийн хэрэгсэлтэй байх шаардлагатай гэнэ.

Сонирхуулахад, Баянхонгор аймагт мазаалай, ирвэс, хавтгай, аргаль, янгир, буга зэрэг ховор ан амьтад идээшин нутагладаг байна.

                                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ