Алдарт Далай чойнхор вангийн амтат цагаан идээ ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-02 13:46:56

Монголын уламжлалт Цагаан сарын баярыг угтан Архангай аймгийн Тариат сумын буюу Богд хааны цагаан идээг бэлтгэдэг болон арван засаг хошуу дундаа амтат цагаан идээгээрээ алдаршсан Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу нутгийн уламжлалт "Цагаан идээний үзэсгэлэн худалдаа" өнөөдөр Бөхийн өргөөний гадна талбайд эхэллээ.

Уг үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа, Тариат сумын ИТХ-ын дарга Б.Баттогтох, Тариат сумын Засаг дарга Г. Алтан-Очир болон албаны бусад хүмүүс оролцлоо. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тариат сумын Засаг даргын Тамгын газар хамтран үзэсгэлэн худалдааг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаа нь уламжлалт арга технологиор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулдгаараа онцлогтой. Үзэсгэлэн худалдаанд оролцохоор Тариат сумын 100 гаруй малчин өөрсдийн бэлтгэсэн 80 гаруй тонн цагаан идээг борлуулахаар хүрэлцэн ирсэн байна. Малчид өөрсдийн уламжлалт арга технологиор боловсруулсан тавгийн ааруул, айраг, сүү, өрөм, шар тос, бяслаг, мэхээртэй тос, сүүн хурууд, аарц, хорхой ааруул, шимийн архи гээд бүх төрлийн цагаан идээг худалдаалж байна. Тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 06-ныг хүртэл Бөхийн өргөөний гадна талбайд үргэлжлэх юм. Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” 2014, 2015 оны үзэсгэлэн худалдаанд аймгийн шилдэг бүтээгдэхүүнээрхоёр 2 удаа шалгарчээ. Түүнчлэн “ Бруцеллёзгүй загвар сум” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж мал сүргээ эрүүлжүүлж, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулсан гэж Заса гдарга Г.Алтан-Очир онцолж байлаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ