Дорнодын Цагаан-Овоо суманд цасны зузаан 35-40 см-т хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Цагаан-Овоо суманд өвөлжилт хүнд, зудын байдалтай, цасны зузаан 20-25 см, хунгарласан газартаа 35-40 см-т хүрээд байна. Хэдий зуд зурхантай, өвөлжилт хамгийн хүнд байгаа ч малчид бэлтгэлээ сайтар базаажээ.
Тус сумын нутаг олон жилийн давтамжтай түймэрт өртсөнөөс ургамлын бүтцэд өөрчлөлт орж, нөхөн сэргээх явц удаашралтай байна. 9 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилсэн бороо орсноор хадсан өвс норж, хөгзөрч харласан нь өвсний чанарт муугаар нөлөөлж малын өвөлжилтөд хүндрэл учруулж байгааг малчид ярьж байна. Отроор өвөлжиж байгаа 62 өрхийн 37724 толгой мал бий. Одоогоор малын хорогдол гараагүй байгаа нь малчид, мал бүхий иргэд онд орохгүй, тарга тээвэрэг муу малаа борлуулаад амжсантай холбоотой. Тухайлбал: Цагаан-Овоо сумын малчид 12543 бог, 6716 бод мал худалдан борлуулжээ.
Өвлийн сүүл саруудад хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа нь өвөлжилт хаваржилт бүр хүндэрч болзошгүй гэсэн дохио юм.
Б.Туяа