Өмнөговиос ингэний сүү татах төвлөрсөн цэгийг Цогт-Овоод байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Цогт-Овоо суманд сүү төвлөрүүлэх цэгийг "Витафит" ХХК-иас байгуулах ажээ.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир болон 15 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар Улаанбаатар хотод тус компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр компанийхан ийн танилцуулжээ. Витафит компани ингэний сүү боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, ингэхдээ Өмнөговь аймгаас сүү сүүн бүтээгдэхүүнээ авахаар судалж байгаа юм. Тиймээс тэмээ олонтой сумдад сүүний цэг байгуулж малчдаас сүүг нь ямар нэг шат дамжлагагүйгээр авах боломжийг бий болгох ажээ.
Одоогийн байдлаар Цогт-Овоо суманд сүү төвлөрүүлэх цэг барих газрын асуудлаа шийдвэрлүүлэн, ирэх хавраас барилгын ажлаа эхлэх гэнэ. Даланзадгадаас Улаанбаатар хүрэх хатуу хучилттай авто зам нь Цогт-Овоо сумыг дайран өнгөрч байгаа бөгөөд тээвэрлэлт хийхэд хамгийн тохиромжтой юм.
Дашрамд дуулгахад 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор Өмнөговь аймаг нь 130493 тэмээ тоолуулж, улсдаа тэмээний тоогоороо тэргүүлсэн бөгөөд тус аймгийн Ханбогд сум 25644 тэмээ тоолуулж улсдаа хамгийн олон тэмээтэй сум болсон ажээ.
Д.Мишигсүрэн