Агаарын навигаци, ажиглалтын тоноглолын сүлжээ, дэд бүтцийг хувьчилж үл болох жагсаалтад бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-02 23:57:37

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Олон улсын иргэний нисэхийн Чикагогийн конвенцид манай улс нэгдэн орсон.  Иймд агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байх үүргийг манай улс хүлээжээ. Тиймээс “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах шаардлага үүссэн байна. 

Чуулганы хуралдааны үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Харин тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үед анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гарсан байсан. Иймд гишүүд уг саналыг дэмжснээр тогтоолын төсөл анхны хэлэлцүүлгээр батлагдав.

Б.Туул

Холбоотой мэдээ