Малчдын тэтгэвэр 5 жилээр наашилж, хүүхдээ асарсан эхийн НДШ тасрахгүй болов
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүд өнөөдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн талаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн С.Чинзориг “Энэхүү хоёр хуулийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаас хийж баталсан. Эдгээр хуулиуд хэрэгжснээр малчдын тэтгэврийн нас таван жилээр наашилж, ээжүүдийн хүүхдээ асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тасрахгүй байх боломжийг бүрдүүллээ.
Тодруулбал, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн хөдөлмөрийг бодитой үнэлэх зорилгоор хэд хэдэн өөрчлөлтийг хуульд оруулсан. Нэгдүгээрт, ээжүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болж байна. Хэн нэгэн эх 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан жил, НДШ төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Ингэснээр цалингаас тогтоолгох тэтгэвэр нь өндөр тогтоогдох юм.
Хоёрдугаарт, ээжүүд Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхдээ 3 нас хүртэл харсан бол НДШ тасрахгүй байх зохицуулалт хийж өгч байна. Өөрөөр хэлбэл, ажил хийдэг ээж хүүхдээ 3 нас хүртэл харах бол энэ хугацааны НДШ-ийг ажил олгогч төлнө. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээжийн НДШ-ийг Нийгмийн даатгалын сангаас буюу тэтгэмжээс төлнө. Ажилгүй, орлогогүй ээжүүд төрөөд хүүхдээ асарч байгаа бол НДШ-ийн 50 хувийг төр хариуцна, 50 хувийг нь өөрөө төлөх юм.
Гуравдугаарт, НДШ төлж байгаа ээжүүд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авдаг. Гэхдээ өмнөх хуулиар заавал даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 100 хувь авдаг байсан. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 75 хувиар авдаг. Тэгэхээр ээж хүн нэгэнт НДШ төлж байгаа бол даатгагдсан хэлбэрээс үл хамаараад жирэмсний болоод амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100 хувь бодуулж авдаг болж байна.
Дөрөвдүгээрт, хуучин хуулиар эхчүүд гурав дахь хүүхдээ төрүүлэхэд тэтгэмжийг нь олгодоггүй байсан. Эхний хоёр төрөлт дээр тэтгэмж олгодог зохицуулалтыг өөрчилж, төрөх болгонд нь жирэмсний тэтгэмжийг олгодог болгосон.
Улсын хэмжээнд 330 мянга орчим малчин байдаг. Энэ хуулийн өөрчлөлтөөр малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлууллаа. Эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гардаг болж байна гэсэн үг. Улсад 20 ажилласан үүнээс 15 жилийг нь малчнаар ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, улсад 20 ажилласан үүнээс 12 жил 6 сарыг малчнаар ажилласан 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэрт гарч болохоор болж байна. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг нэг удаа нөхөн төлүүлэх боломжтой боллоо. Эдгээр хуулиад нь ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ" гэж тэрбээр ярьлаа.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ