Дөрвөн үеийн Ерөнхийлөгчийн түүхийг агуулсан бүтээл нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-19 14:26:06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар байгуулагдсаны  25 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Ерөнхийлөгч 25 жил” он дарааллын товчоон номын нээлт өнөөдөр болов.

Уг бүтээлд Пунсалмаагийн Очирбат /1990-1997/, Нацагийн Багабанди /1997-2005/, Намбарын Энхбаяр /2005-2009/, Цахиагийн Элбэгдорж /2009 оноос/ нарын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа явуулсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тойм, Монгол төрийн хараа, чиг баримжааг албан ёсны эх болон архивын гэрэл зураг, баримтад түшиглэн харуулсан байна.

Номын нээлтийн ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож, үг хэлэв. Тэрбээр, Монгол Улс бол эрт дээр үеэс төрт ёсны баялаг түүх, уламжлалтай улсын нэг. Монголчууд бид түүхийнхээ ихэнх цагт хаанаар толгойлуулсан засагтай байсан бөгөөд төр барихуйн ухааны арвин мэдлэг хурааж, хүмүүн төрөлхтөний түүхэнд ул мөрөө тод үлдээсэн их өвөг дээдсийн удам.

Монголчууд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар тусгаар тогтнолоо сэргээн, Буддын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг Олноо өргөгдсөн хаанаар өргөмжилж, шинэ он тоолол эхлүүлж байсан бол 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Богд хааны эрхийг хязгаарлан Бүгд найрамдах төрийн хэлбэр тогтоохыг зорьж, улмаар 1924 онд Богд хаан таалал төгссөнөөр хаант засгийн хэлбэрийг бүрмөсөн халсан билээ.

БНМАУ 1924 оны Үндсэн хуулиар иргэнээ өмч хөрөнгө, нийгмийн гарал үүслээр ялгаварласан, коммунист үзэл онолтой, шашингүй, ангигүй нийгэм байгуулах зорилготой, төрийн байгуулалтын мөн чанарын хувьд хамтын удирдлагын Бүгд найрамдах хэлбэртэй, Ерөнхийлөгчгүй улс байхаар тогтсон бөгөөд уг тогтолцоо үндсэндээ 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал хүртэл хадгалагдсан.

Монгол Улс 1990 онд ардчилалтай золгож, 1960 оны Үндсэн хуульд нэмэлт оруулж, Ерөнхийлөгчийн албан тушаалыг анх удаа бий болгож, Монгол Улс Төрийн тэргүүнтэй болсон. Энэ нь хүн ахтай, дээл захтай, айл өрх ч тэргүүнтэй байх төр барих монгол ухаан, уламжлалтай нийцсэн шийдвэр байлаа. Улмаар монголчууд шинэ Үндсэн хууль боловсруулж, Ерөнхийлөгчийн Тамгын газрыг улам байгуусан.

БНМАУ-ын Ардын Их Хурал 1990 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Пунсалмаагийн ОЧИРБАТЫГ БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр томилсон бөгөөд Ерөнхийлөгч 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг томилж, мөн сарын 19-ний өдөр Тамгын газрынхаа бүтэц, орон тоог баталсан байна.

Түүнээс хойш Монгол Улсын Төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд манай улсыг хөгжил дэвшилд хөтөлсөн, ахиц, дэвшил авчирсан олон чухал шийдвэр, санал санаачилга гаргасан, түүхэн үйл явдлаар дүүрэн 25 жилийн төрийн түүх шастрын шинэ товчоон бүтээгджээ.  

Энэ хугацаанд эрх чөлөөг эрхэмлэгч Монголын ард түмэн эдийн засаг, улс төр, нийгмийн гурамсан шилжилтийг нэгэн зэрэг тайван, сонгуулийн замаар хэрэгжүүлж, чамгүй их амжилт оллоо. Манай улсын нийгэм-эдийн засгийн амьдралд чанарын эерэг олон өөрчлөлт гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ даруй арав гаруй дахин өсч, хүн ам 3 саяд хүрч, дундаж наслалт 7 жилээр уртассан байна.  Цаашид, бид олсон ололт, амжилтдаа эрдэж ташуурах бус, харин ч улам эрэмшин зоригжиж, эвлэлдэн зохицож хөгжлийн гайхамшгийг бүтээхийн төлөө нэгэн амьсгаатай, нэгэн баг болон ажиллахыг үндэсний эрх ашиг шаардаж байна" гэлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ