“Сезар”-ыг гардуулах ёслолыг хөтлөгчгүйгээр зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
adiyakhuu@montsame.mn
2017-02-06 15:17:53

ПАРИC./TASS/. Францын кино урлагийн “Сезар” шагналыг гардуулах ёслолын ажиллагааг хөтлөгчгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Учир нь, хөтлөгчөөр ажиллах ёстой байсан найруулагч Роман Полански энэ үүргийг гүйцэтгэхээс татгалзсан байна.

“Эл шалтгааанаар Сезарын шагнал гардуулах 42 дахь удаагийн ёслолын ажиллагааг хөтлөгчгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ” гэж Францын Кино урлагийн академийн ерөнхийлөгч Ален Терзиан мэдэгджээ.

Энэ оны 1 дүгээр сард тус академи ёслолын ажиллагааг хөтлөх эрхийг Роман Полански-д олгосон юм. Гэтэл энэ шийдвэр нь Франц даяар ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зарим байгууллага ёслолын ажиллагаа болох өдөр буюу энэ сарын 24-нд концертын танхимын үүдэнд жагсаал хийхээр төлөвлөсөн байна.

Учир нь, Роман Полански 1977 онд Саманта Геймер гэдэг эмэгтэйг насанд хүрээгүй байхад нь хүчиндсэн хэрэгт холбогдсон байна. Энэ хэрэгт холбогдуулан 2009 оны 9 дүгээр сард Франц болон Польшийн давхар иргэншилтэй Р.Поланскиг Америкийн эрх баригчдын гаргасан хүсэлтийн дагуу Цюрих хотод баривчилсан байна. Гэвч хэдхэн сарын дараа Полански 4,5 сая долларын барьцаа төлөн суллагдсан бөгөөд 2010 онд Швейцарийн Хуульзүйн яам найруулагчийг АНУ-д шилжүүлэн өгөхөөс татгалзаж, түүнийг бүрмөсөн суллажээ.

Үүний дараа, 2015 онд АНУ-ын тал Польшид хандан найруулагчийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан боловч Краков хотын тойргийн шүүх татгалзсан шийдвэр гаргажээ.

“Сезар” шагналын тухайд

Уран барилгач Сезар Бальдачини-гийн нэрээр нэрлэгдсэн энэ шагналыг Францын кино урлагийн академи 1976 оноос хойш олгож байгаа юм. Шагналтнуудыг тодруулах санал асуулгад найруулагч, жүжигчин, продюсер, техникч зэрэг кино урлагийн салбарт ажилладаг 3500 гаруй хүн оролцдог ажээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ