Зөөврийн хяналтын байр ажилласнаар малын халдварт өвчин буурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМТуркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/ -гийн Улаанбаатар дахь зохицуулалтын газар Нийслэлийн мэргэжилийн хяналтын газар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийг байгуулснаар авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ажлын байрны орчныг сайжруулах, хөдөө орон нутгаас нийслэлд орж ирэх мал амьтны гаралтай түүхий эд халдварт өвчин тархах эрсдлийг бууруулах боломж бүрдэх юм байна.
Санамж бичгийн хүрээнд “Зөөврийн ажлын байрны тусламж үзүүлэх” төслийг энэ сарын 15-наас хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
"ТИКА-гаас "Зөөврийн ажлын байрны тусламж үзүүлэх” төсөлд 44 сая төгрөг зарцуулах юм. Тус санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн зөөврийн ажлын байр, зөрчилтэй тээврийн хэрэгслийг саатуулах хашааг камержуулах, байцаагчдыг дулаан хувцсаар болон хяналт шалгалтын тоног төхөөрөмжөөр хангана хэмээн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
НМХГ нь 27 чиглэлд хяналт шалгалт хийдэг 500 гаруй улсын байцаагчтай бөгөөд үүний 34 нь нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ажилладаг. Мал амьтны гаралтай халдварт өвчин ихсэж буй энэ үед хорио цээрт бүсээс ирсэн малын гаралтай түүхий эд, зөрчилтэй тээврийн хэрэгсэл саатуулагдсан тохиолдолд зөөврийн ажлын байрыг байршуулан газар дээр нь хяналт тавих боломж бүрдэх аж.
Л.Нандинцэцэг