"Эрдэнэт” үйлдвэрийн ахмадууд уриалга гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-07 18:11:20

 "Эрдэнэт” үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлөөс нийт ажилчиддаа хандан уриалга гаргасан байна.

Уриалгад, “1974 онд “Эрдэнэт” үйлдвэрийн шавыг нь тавилцаж, 1978 онд 4 сая тонн хүдэр боловсруулах анхны ээлжийг  ашиглалтад оруулахаас эхлэн 32 сая тонн боловсруулах өнөөгийн хүчин чадалд хүрэх 40 гаруй жилийн хөгжилд залуу нас, эрч хүч, мэдлэг чадвараа бид зориулсан. Үйлдвэрийнхээ түүхийн бүх он жилүүдэд төрөлх үйлдвэрийнхээ жинхэнэ эзэн нь болж, ирээдүйн хөгжлөө төлөвлөж, Оросын талтай гар нийлэн сэтгэл хангалуун ажиллаж ирсэн. Гэтэл Монголын зэс гэх  корпорациас томилж ирүүлсэн төлөөллийн хүмүүсийн үйлдвэрт хандах хандлага эргэлзээ төрүүлж байна. Ахмадын төлөөлөл бид төрөөс гарах дүгнэлтийг хүлээсээр өдийг хүрлээ. Үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар  хамгаалж үлдэх нь зөв бөгөөд Ерөнхий захиралтай хатуу гэрээ байгуулж ажиллавал зохилтой. Үйлдвэрийн хувьцааны 25-30 хүртэлх  хувийг үйлдвэрийн ажиллагсад болон эрдэнэтчүүд давуу эрхээр эзэмших нь үйлдвэрийн урт хугацааны хэвийн ажиллагааг хангаж ажиллахад хамгийн тохиромжтой хувилбар юм.  Эдгээр асуудлыг үйлдвэрийн нийт хамт олонд санал болгож Засгийн газар, УИХ яаралтай шийдэж хариу өгөхийг уриалж байна” гэжээ.

Холбоотой мэдээ