Филипп Лам “зодог тайлах”-аар шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-02-08 11:06:01

МОСКВА./TASS/. Одоо Мюнхений “Бавария” багийн ахлагч бөгөөд 2014 онд Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга болж байсан нэрт хөлбөмбөгчин Филипп Лам энэ улирлын төгсгөлөөр тамирчныхаа замналыг дуусгаж, “зодог тайлна” гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр клубынхээ удирдлагад энэ тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Үүний сацуу тэрбээр тус клубын спорт хариуцсан захирлаар ажиллана уу гэсэн саналаас татгалзжээ. Өдгөө 33 настай Лам “Бавария” багт 2017/18 оны улиралд тоглох гэрээ хийсэн юм.  

Ф.Лам 2001/2002 оны улирлаас эхлэн тус клубт тоглож байгаа бөгөөд Германы аваргаар 7 удаа, тус улсын цомын эзнээр 6 удаа, Супер цомын эзнээр 3 удаа шалгарч байснаас гадна Лигийн цомыг 1 удаа хүртэж байжээ.

Тэрбээр 2013 онд багийнхны хамтаар Аваргуудын лигт түрүүлж байснаас гадна УЕФА-гийн Супер цомын тэмцээн болон клубүүдийн ДАШТ-д аваргалж байлаа.

Филипп Лам Германы хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 113 тоглолтонд оролцохдоо 5 гоол оруулсан байна. 2014 онд германчууд ДАШТ-д түрүүлсний дараа тэрбээр шигшээ багаас гарчээ.

Б.Адъяахүү  


 

 

Холбоотой мэдээ