“Оюунлаг баасан гараг” өдөрлөг эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2015-10-19 16:08:30

Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Залуучуудын холбооноос Улаанбаатар хотод сурч, хөдөлмөрлөж байгаа ховд нутгийн оюутан залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор “Оюунлаг баасан гараг” хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж эхэллээ.

Залуусын нэрлэснээр “шоуны баасан гараг”-ийг “Оюунлаг баасан гараг” болгон тав дахь өдөр бүр оюутан залуустайгаа нэр хүндтэй зочдыг уулзуулан халуун дулаан ярилцлага, лекц, сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн "Оюунлаг баасан гараг" цуврал уулзалтын анхны зочноор "Ховддоо сайхан амьдарцгаая" сангийн тэргүүн Б.Пүрэвдорж оролцож Ховд аймгийн хөгжлийн гарц түүнд хүрэх арга замын талаар өнгөрөгч баасан гарагт сонирхолтой яриа өрнүүлж, залуусыг төрсөн нутагтаа ажиллаж амьдрахыг уриаллаа. Дараагийн зочноор “Монгол омогшил” төрийн бус байгууллагын илтгэгч, Лектор төвийн сургагч багш, ugluu.mn сайтын захирал Ц.Мөнхбаатарыг урьжээ. Энэхүү лекц үнэ төлбөргүй бөгөөд Монголын залуучуудын холбооны Залуучуудын танхимд болох юм.

Б.Туул

Холбоотой мэдээ