Шинэ цэцэрлэгийг дөрөвдүгээр сард барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЭнэ оны хоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Элчин сайдын яамны тэргүүн ахлагч Жошуа Бак, Штабын ахлагч Эрик Отэмэнт, Олон нийттэй харилцах албаны дарга н.Болормаа нар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.
Албаны хүмүүсийг Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Засаг дарга Н.Алдарбаяр нар хүлээн авч уулзаж, сум орны хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтууд, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцуулав.
Албаныхан тус суманд ашиглалтад орсон Америкийн соёл, мэдээллийн төвийн үйл ажиллагаа болон АНУ-ын санхүүжилтээр шинээр барих цэцэрлэгийн асуудлаар сумын удирдлагуудтай уулзахдаа санал солилцсон байна.
Цэцэрлэг барих асуудлаар өмнө нь АНУ-ын Элчин сайдын яамны албаны хүмүүс Замын-Үүдэд удаа дараа ирж газрын байршил, дэд бүтэц, хүн амын суурьшил зэрэгтэй нарийвчлан танилцсан байдаг бөгөөд 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлэхээр төлөвлөжээ.
Тус сумын гуравдугаар баг 3000 гаруй хүн амтай. Хүн амын ихэнх хэсэг нь гэр хороололд оршин суудаг төдийгүй бага насны хүүхдүүдэд цэцэрлэгийн хүртээмж, хэрэгцээ шаардлага их байдаг аж.
Х.Эрдэнэбулган