29400 хүүхдэд 452 сая төгрөгийн үнэгүй эм олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЭМЯ-наас ханиад томууны дэгдэлтийн үед 0-5 настай хүүхдийн хэрэглэх эмийг үнэгүй олгож буй ажлын явц, үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн нийгмийн даатгалын газрын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Энхбат, "Нийгмийн даатгалын сангаас 100 хувийн санхүүжилтээр 2017 оны 3 дугаар сарын нэгнийг хүртэл 0-5 насны хүүхдэд 10 эмийг эмчийн зөвшөөрөлтэй олгож байна. Нийслэлд Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээтэй 318 эмийн сан, орон нутгийн 490 эмийн сан буюу нийт 808 эмийн сангаар дээрхи эмийг олгож байгаа юм. Нэгдүгээр сарын 31-ний байдлаар 29400 хүүхдийн 452 сая төгрөгийг даатгалын сангаас 100 хувь олгоод байна” хэмээн ярив.
Харин ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн О.Энхмаа ярихдаа, "Томуу томуу төст өвчин ихэссэн энэ үед нийслэлийн 789 ортой эмнэлэгт 1600 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Энэ нь 12.5 хувийн хэтрэлттэй байв. Харин одоогийн байдлаар 685 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Өвчлөлийг бууруулахаар Засгийн газрын 215 дугаар тогтоолоор 0-5 настай хүүхдийн эхчүүдэд 3-5 хонгийн чөлөө олгож, өрхийн эмнэлгүүдэд резидент эмчийг ажиллуулж, мөн хүүхдэд хөнгөлттэй эм олгосноор үр дүн гарлаа" гэв.
Өмнө нь амбулаториор үйлчлүүлсэн иргэдийн 10.8 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байсан бол одоо 7 хувь буюу 11000 хүн томуу томуу төст өвчтэй байгаа аж. Ингэснээр өвчлөл өмнөх долоо хоногоос 2.6 хувиар буурчээ.
“Монос Улаанбаатар” эмийн сангийн хувьд 36 салбараараа дамжуулан 4000 гаруй жороор нийт 32.3 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлснээ энэ үеэр танилцуулав.
Дашрамд дурдахад үнэгүй олгох 10 эмд ампициллин, амоксициллин, тетрациклин, сальбутамол, ибупрофен, парацетамол, азитромицин, амброксол, ацетилцистейн, натрийн хлорид багтаж буй юм.
Р.Хишигжаргал