Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт 3818 бөхөнг устгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-02-08 18:18:19

Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 7-ны байдлаар Улаан номонд орсон 3818 монгол бөхөнгийн сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулсан талаар өнөөдөр БОАЖЯ-ны байранд болсон хэвлэлийн бага хурал дээр албан ёсоор мэдээллээ.

Энэ бүс нутагт бог малын мялзан өвчний улмаас бөхөн олноор өвчилж, хорогдож байгаатай холбогдуулан БОАЖ-ын Дэд сайд Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан юм. Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн Шаргын говьд байдаг 2-3 мянган толгой , Ховдын Дөргөн сумын Агуш арал, Хомын тал, Манхан суманд нийт 200 гаруй толгой бөхөн эрүүл бүсэд нутаглаж байна.

Ажлын хэсгийнхэн Монгол бөхөнгийн тархац бүхий Говь-Алтай аймгийн Шарга, Дарви, Хөхморьт сум буюу Шаргын говь, Хүйсийн говь, Ховдын Дарви, Чандмань, Дөргөн, Дөргөний хүрэн талын нөхцөл байдалтай газар дээр нь очин танилцаж, бөхөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тандан судалгааг хийх, постын үйл ажиллагааг үзэж, цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар арга зүйн зөвлөгөө, үүрэг чиглэл өгсөн байна.

Эдгээр сумын Засаг дарга нарт өгсөн үүрэг чиглэлийг танилцуулахад, Тухайн бүсэд нутаглаж буй малчин өрхийн байршил, судалгааг гаргаж, түр хугацаагаар малчдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, бог малын мялзан өвчний вакцин хийгдээгүй байгаа  Говь-Алтай аймгийн Бигэр, Эрдэнэ, Чандмань сумын нутаг дахь малчдын малд вакцин хийхийг даалгажээ.

Мөн олон улсын шинжээч болон мэргэжлийн байгууллагын гаргаж буй дүгнэлтээр хавраас дараагийн эрсдэл буюу цусан халдварт өвчин гарч болзошгүй байна. Иймд дараагийн хүндрэлийг эртнээс нарийвчлан тооцох.

Бөхөнгийн сэг зэмээс эврийг нь тайрч авах тохиолдол гарч байгааг тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага онцгойлон  анхаарч ажиллах зэрэг  үүрэг өгч ажлыг чанаржуулах, идэвхжүүлэх арга хэмжээ аваад байна. Өнөөдрийн байдлаар улсад 8 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа гэж Ажлын албанаас мэдээлж байна.

Дашрамд дуулгахад, Дэлхий дээр соргог бөхөн, монгол бөхөн гэж хоёр төрөл байдгаас монгол бөхөн нь зөвхөн манай оронд байдаг.  Энэ халдварт өвчин өмнө нь Африк, Хятад, Казахстан зэрэг оронд гарч байсан бөгөөд малд халддаггүй байна.

Манайд гарсан уг өвчний халдвар авч үхсэн бөхөнгийн 70 гаруй хувь нь төл буюу янзага байгаа бөгөөд үлдсэн нь эмэгчин бөхөн байна. Бөхөнгийн эрүүл байгаа нь хүн, машины чимээг алсаас мэдрэн үргэн зайлж байхад харин өвчилсөн бөхөн хөдөлгөөн нь саарсан, мэдрэх чадвараа алдсан байдаг.  Мөн энэ өвчнөөр хар сүүлт тодорхой тоогоор халдварласан шинж тэмдэг байгаа аж.

Д.Өлзий

Холбоотой мэдээ