Генийн эмчилгээгээр дүлий хулганад сонсгол оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-02-09 15:49:41

ВАШИНГТОН./ВВС/. АНУ-ын эрдэмтэд дүлий хулгануудад генийн эмчилгээ хийснээр шивнэх төдий чимээг сонсох чадвартай болгож чаджээ.

Судлаачид хэлэхдээ “амьтны сонсголыг бараг хэвийн түвшинд нь хүртэл сэргээж чадсан генийн эмчилгээний арга нь ойрын ирээдүйд хүний сонсголыг сэргээх үндэс суурийг тавьж өглөө” гэв.

Дүлийрлийн төрлүүдийн тал орчим хувь ДНХ-ийн гажгаас улбаатай байдаг. Эмчилгээ хийлгэсэн хулганууд нь Ашерын синдромтой буюу чихэн доторх бичил үснүүдийн бүтцийн доголдолтой байжээ. Эрдэмтдийн бүтээсэн синтетик вирус нь энэхүү доголдлыг засч зөв бүтцэд оруулдаг байна.

Дүлийрлийн шалтгаан болдог 100 орчим төрлийн генийн гажиг байдаг бөгөөд тус бүрт нь тохирсон эмчилгээ шаардлагатай.

Бостоны хүүхдийн эмнэлгийн судлаач, доктор Жеффри Холт ярихдаа “бид дотоод чихний бүтцийг бүрэн судалсан бөгөөд одоо энэ талаарх мэдлэгээ ашиглан дүлий хүмүүсийг эмчлэхэд тун дөхөж очлоо” гэв.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ