Хоёр улсын ажлын хэсгийн хурлыг Шинэ Делид хийхийг санал болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-02-10 11:39:08

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Энэтхэг Улсад энэ сарын 3-7-нд ажлын айлчлал хийв.

Төлөөлөгчид Шинэ Дели хотноо Энэтхэг улсын Эрүүл мэнд, гэр бүл, халамжийн яам, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан Эрүүл мэндийн технологийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Энэтхэг улсын 100 гаруй техник технологийн компани бүтээгдэхүүнээ танилцуулсан уг үзэсгэлэнгийн түншээр Япон улсын Засгийн газрыг төлөөлж Энэтхэг улс дахь Япон улсын ЭСЯ оролцож, тус улсын томоохон компаниуд бүтээгдэхүүний дээжээс танилцуулжээ.

Айлчлалын үеэр дэд сайд Энэтхэг улсын Эрүүл мэнд, гэр бүл, халамжийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Шри Си Кэ Мишратай албан уулзалт хийж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дэд сайд Л.Бямбасүрэн, Монгол Улсын ЭМЯ, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эрүүл мэнд, гэр бүл, халамжийн яамтай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээ 2009 онд, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын АЮУШ яам хооронд уламжлалт анагаах ухаан, гомеопатийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг 2015 онд байгуулсан талаар онцолсон. Түүнчлэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр хоёр талаасаа идэвхтэй ажиллах хэрэгтэй байгаа тухай дурдлаа.

Ноён Шри Си Кэ Мишра, Дэд сайдтай санал нэг байгаагаа илэрхийлж, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн хурлыг Шинэ Дели хотноо зохион байгуулах саналыг тавьснаар уулзалт өндөрлөв гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ