Дархан-Уул аймаг БНАСАУ-ын Боловсрол, эрүүл мэнд, барилгын салбарт хамтран ажиллах санал тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-12 21:14:26

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хон Гю Дархан-Уул аймагт айлчлав.

Ноён элчин сайдыг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, ЗДТГ-ын дарга Ч.Энхбат нар хүлээн авч уулзан аймаг орон нутгаа танилцуулж  харилцан санал солилцлоо. Дархан-Уул аймаг 2007 онд БНАСАУ-ын Хванхэ аймагтай шууд харилцаа тогтоон ажиллаж ирсэнийгээ цаашид улам бүр өргөжүүлж ойр дотно хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлж харилцан ярилцаж тохиролцлоо.

Дархан-Уул аймаг нь БНАСАУ-ын Боловсрол, Эрүүл мэнд, барилгын салбарт хамтран ажиллаж тус улсаас туршлага судлах хүсэлтэй байгаагаа аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат тавьсныг ноён Элчин сайд талархан хүлээж авав.

Ноён Элчин сайд Дархан хоттой танилцсаныхаа дараа 1988 онд байгуулагдсан “Улсын тэргүүний 21 дүгээр цэцэрлэг”-т айлчлав. Тус цэцэрлэг нь 1992 онд БНАСАУ-ын их удирдагч “Ким Жөн Ирийн нэрэмжит цэцэрлэг болсноос хойш энэ жил 25 жилийн ой нь тохиож байгаа юм байна. Цэцэрлэгийн эрхлэгч Ш.Ундармаа Элчин сайдад танилцуулахдаа: “Манай цэцэрлэг  нь 1992 онд БНАСАУ-ын их удирдагч “Ким Жөн Ирийн нэрэмжит цэцэрлэг” болсноор тус улсын хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгын гадна талыг бүрэн засч тохижуулахийн зэрэгцээ 10 гаруй багш ажилчид маань БНАСАУ-д зочилж тус улсын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын туршлагыг судалж ирээд сургалтадаа нэвтрүүлж байна. Мөн БНАСАУ-ын их удирдагчийн нэрэмжит цэцэрлэг болсны 25 жилийн ой энэ оны намар тохиох учир ой угтаж хоёр улсын найрамдал хамтын ажиллагааны сэдэвт цөөнгүй ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.

Дашрамд дурдахад энэ сарын 16-нд БНАСАУ-ын их удирдагч Ким Жөн Ирийн мэндэлсний 75 жилийн ой тохиож байгаа аж.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ