Шинжилгээний бичгийг нь харж байж худалдан авалт хийхийг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-15 12:33:06

Сар шинийн уламжлалт баяраар аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн хэвийн боов, төрөл бүрийн цагаан идээгээ худалдан авахдаа лабораторид шинжлүүлсэн эсэхийг сайтар шалган авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Монгол Улсад мөрдөж байгаа хэвийн боовны MNS 0461:1981 стандартын чийг, тослог, ундны сүүний MNS 0219:2005 тослог уураглаг, цагаан идээний MNS 4230:2005 стандартуудын чийглэг, тослог, исгэлэн гэсэн үзүүлэлтүүд зарим нэг бүтээгдэхүүн дээр шаардлага хангахгүй байгааг мөн онцлов. Тиймээс ард иргэдээ хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа лабораторид шинжлүүлсэн эсэх, бусад механик хольцтой байгааг шалгаж эрүүл аюулгүй хүнсээ хэрэглэхийг сэрэмжлүүлэв.

Дашрамд дуулгахад, худалдан авах гэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлоос дараах зүйлсийг нягтлаад авахад илүүдэхгүй гэж байна. Монгол Улсад мөрдөж байгаа хэвийн боовны стандартаар таны худалдаж авсан боовны чийглэг 15.5 хувь, тослог 21 хувиас багагүй, аарц, аарцан бүтээгдэхүүний чийглэг 55 хувиас багагүй, тослог нь 0.5-18 хувь, исгэлэн нь 200-270 Т0, ааруул, хуруудны чийглэг 10-20 хувиас багагүй, тослог нь 0.5-30 хувь хүртэл, ээзгий чийглэг нь 16 хувиас багагүй, тослог нь 7-30 хувь хүртэл байх ёстой ажээ.

                                                                                                                      Б.Мөнхзул

Холбоотой мэдээ